1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт нисчээ. Сансарт ниссэн дэлхийн анхны хүн Зөвлөлт Холбоот Улсын нисэгч, сансрын нисэгч Юрий Гагарин юм. Тэрээр энэ өдөр Восток3KA-2 буюу Восток-1 гэж алдаршсан хөлгөөр дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг бүтэн тойрчээ.



Нислэгийн үеэр Гагарин түүнийг ахмадаас хошууч болон цол ахисан тухай ТАСС агентлагийн мэдээг сонссон гэдэг. Тухайн үед Гагаринийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж ийнхүү цол ахиулж байсан аж. Учир нь Восток хөлөг агаар мандалд буцаж ороод 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гаргаж, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байжээ.



Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндийн эзэн болж, Коммунист намын сүр хүчийг бахдан магтсанаар Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болсон байна.




Харин Монгол Улсаас сансарт ниссэн анхны хүн бол Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа юм. Тэрээр ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлжээ.
