Монгол гэрийн тэнцвэрийн хүчийг багана хадгалдаг шиг Монголын эдийн засгийн тэнцвэрийг уул уурхай тогтоож байна. Тэгвэл эдийн засгийн тэнцвэрийг хадгалагч энэ “баганын” түүхий эд болох геологи хайгуулын өнөөгийн нөхцөл байдал хийгээд салбарын акулуудын тухай энд өгүүлнэ. Баганын өндрөөр монгол гэрийн өндрийг тодорхойлдог шиг геологи хайгуул ч салбарын ирээдүйг илтгэж буй.
Өнөөдөр Монгол Улсад олборлолт, борлуулалт хийдэг хувь, хувьсгалын аж ахуйн нэгж, ордуудыг харахад ихэнх нь хуучны, олон жилийн өмнөөс ашиглаж ирсэн ордууд байна. Одоо тэдний гарц муудаж, төсөл хуучирч байгаа. Сүүлийн үед яг тэр гээд хэлчих хөдөлсөн, ашигласан орд, төслийг нэрлэхэд хуруу дарам бий. Хармагтай, Овоот зэрэг орд хүлээлттэй байгаа ч үр дүн гарах хугацаагаа хариуцагч компанийн зүгээс хойшлуулдаг. Уул уурхай хүчээ авч байсан 2016 онтой харьцуулахад хайгуулын лицензийн тоо хоёр дахин, талбайн хэмжээ 3.7 хувиар буурсан байна. Ийнхүү хайгуул муудах нь цаашдаа зарах ашигт малтмал, олох мөнгө багасна гэсэн үг. Асуудал хурцадсан тул өнгөрсөн зургаадугаар сард Үндэсний геологийн албыг зургаан хэлтэс 68 хүний орон тоотой байгуулсан. Мэдээж энэ албын нэн чухал зорилго нь ашигт малтмалын нөөц нэмэгдүүлж, уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах. Гэхдээ одоо үр дүнгийн тухай ярихад дэндүү эртэднэ.
Ашигт малтмалын акулууд
Ашигт малтмалын салбарын одоогийн нөхцөл байдлыг ашигт малтмалын хамгийн олон лиценз, хамгийн том талбай, хамгийн урагштай төсөл хэрэгжүүлдэг компаниудаар дамжуулан тольдох гээд үзье. Манай улсад 10-аас дээш ашигт малтмалын лиценз эзэмшдэг 11 компани байна.

Харьж яваа төсөл
Одоогоор хамгийн их лиценз эзэмшдэг компани нь “Монголросцветмет”. Хуучин БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1970- аад онд байгуулагдсан төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлолохоос гадна геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр улсын төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Хэдийгээр хамгийн олон буюу 27 лиценз эзэмшдэг ч талбайн хувьд 15 мянган га. Энэ нь бусад эзэмшигчтэй харьцуулахад тэдний нэг лицензийн талбай л юм. Томоохон төслүүдийн хувьд Увс аймгийн Наранбулаг сумын нутагт Хяргас нуурын орчимд зэсийн ордод 7260 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Энэ тус компанийн эзэмшдэг хамгийн их талбай юм. Дараагийн томоохон төсөл нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах “Өргөн“-ий хайлуур жоншны орд. Тухайн ордод тус компани “Өргөн”-ий уурхайг өргөтгөх нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа. Дорноговь аймгийн Их хэтэд “Зүүн цагаан дэл”- ийн хайлуур жоншны ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уурхайг далд аргаар ашиглахаар төлөвлөж байгаа. Менежмэнт, төслүүдийн өгөөжийг харахад харьж яваа төсөл гэж болохоор.
Ирж яваа төсөл
“Цайна инвэстмент Монголиа” ХХК Монголд хамгийн их ашигт малтмалын талбай эзэмшдэг. 100 мянган га-гаас дээш талбай эзэмшдэг аж ахуйн нэгж хоёрхон байдгийн нэгэнд эднийх багтана. Нөгөө нь “Монлаа” ХХК 108679 га талбай эзэмшдэг. Харин “Цайна инвэстмент Монголиа” ХХК 15 хайгуулын тусгай зөвшөөрөл 207645 га талбайд хайгуул хийх эрхтэй. Тус компанийн тухайд Сингапурын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Уг компани 2013 оны гуравдугаар сарын 19-нд байгуулагдсан тухай мэдээлэл Сингапурын бүртгэлд байгаа юм. Харин манай улсад 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд бүртгүүлжээ. Компанийн бүтэц, ТУЗ-ийн мэдээлэл байхгүй. Сингапурын бизнесийн сайтад дурдсанаар “CAINA INTERNATIONAL HOLDINGS” бөгөөд хувьцаат компанийн статустай. Гүйцэтгэх захирал нь Жан Чиню (Zhang Qingyu) гэж бүртгэжээ. Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай аймагт хайгуул хийдэг. Компанийн мэдээлэл, хайгуулын явц олон нийтэд хаалттай тул олон нийтийн дунд жиг жуг байдаг ч эдгээр нь бүгд хайгуулын шатандаа яваа тул ирж яваа төсөл гэхэд буруудахгүй.

Гарааны зурхайд ирсэн ганц төсөл
“Монголын алт корпораци”-ийг Нарийн сухайтын нүүрсний орд, Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшдэг гэдгээр нь олон нийт мэднэ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс хамгийн их лицензийг МАК авчээ. Тэр ч хэмжээгээрээ Монголын топ татвар төлөгчид нэрлэгддэг. Дагаад “Монголын байгалийн баялагаар хэтэвчээ зузаатгасан” гэдэг нэр ч МАК-ийнхныг тойрдоггүй. Эзэмшдэг лицензийн тоогоор өмнөх аж ахуйн нэгжээсээ (Монголросцветмэт) дөрвөөр бага ч эзэмшдэг талбайгаараа дөрөв дахин их байгаа юм. Зөвхөн нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл нь л 15 мянга гаруй га талбайтай байх жишээний.
Томоохон төслүүдийн тухайд Баян- Өлгий аймгийн Ногооннуур сумын Хүрэнгийн талбайд 15313 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Зөвшөөрлийг 2017 онд АМГТГ-ын сонгон шалгаруулалтаар авсан. Харин ашиглалтын зориулалттай ордуудын тухайд Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн орд. Энэ нь тус компанийн томоохон төслүүдийг нэг бөгөөд Монголын зэсийн ирээдүйд хүлээгдэж байгаа гарааны зурхайд ирсэн ганц төсөл юм. 2001 оноос хойш тус компани уг ордыг ашиглаж эхэлсэн. Нийт 6674 га талбайг хамардаг. Тус ордыг 240.1 сая тонн зэс молибденийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Мөн 14.6 сая тонн хүдэр олборлон 17.4 жил ашиглах бөгөөд хөрөнгө оруулалтаа 6.6 жилд нөхөх тооцоотой гэдэг. Баяжуулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 2012 оноос эхэлсэн. Баяжуулах үйлдвэр нь жилд 14.6 сая тонн сульфидийн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд үүнээс жилд 316000 тонн зэсийн, 4400 тн молибденийн баяжмал гаргаж авахаар тооцож буй. Үүний дараагаар Нарийн сухайтын бүлэг ордыг нэрлэж болно. 2002 оноос эхлэн хайгуулын ажил үргэлжилж, 2008 оноос нүүрс экспортолж эхэлсэн. Монголдоо нүүрсний экспортоор тэргүүлдэг аж ахуйн нэгжүүдийн тоонд багтдаг. “МАК” нүүрсний таван тусгай зөвшөөрөл эзэмшдэг Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрс экспортолдог. Түүнчлэн Нарийнсухайтад ӨМӨЗО-ны “Чинхуа” групптай 50, 50 хувийн хамтарсан төсөл хэрэгжүүлдэг. Дараагийн идэвхтэй яваа төслүүдэд Элдэвийн нүүрсний уурхай, Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг нэрлэж болно.