
Баянгол зочид буудлын оффисыг цагдаагийн тусгайгийнхан өчигдөр 15:30 цагийн үед бүсэлсэн гэх мэдээлэл ирлээ. Үүнээс төд удалгүй тусгайгийнхан Баянгол зочид буудлын оффис руу дайралт хийж орсон болох нь тодорхой болсон юм. Харин тус оффист УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байлаа.
Ингээд 15:30 цагаас эхэлсэн цагдаагийн тусгай ажиллагаа олон нийт, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах нь гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шуурга мэт хурдан тархлаа. Улмаар 16:00 цаг гэхэд хэвлэл мэдээллийнхэн болон Х.Баттулгыг дэмжигчид, иргэд Баянгол зочид буудлын оффисын гадна олноор цуглалаа. Дотор чухам ямар үйл ажиллагаа болж байгаа нь тодорхойгүй байв.
Хамгийн эхэнд Ассашёрюү Д.Дагвадорж хүрэлцэн ирсэн. Дараа нь УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг АН-ын гишүүд ирлээ. Тэд бүгд “Юу болж байгааг интернэт, олон нийтийн сүлжээнээс харлаа. Яг албан ёсны мэдээлэл алга. Одоо тодруулах хэрэгтэй” гэсээр Баянгол зочид буудлын оффис руу яаран орсон юм.
16:56 цагт:
Г.Байгалмаа: Энэ үйл ажиллагаа шууд улс төрийн зорилготой

УИХ-ын даргын Ипотек, барилгын асуудал хариуцсан зөвлөх, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та дотроос гарч ирэв үү. Дотор цагдаагийнхан байна уу, тусгайгийнхан байна уу?
-Цагдаа, тусгайгийнхан аль аль нь байна.
-Ойролцоогоор хэчнээн цагдаа байна вэ. Ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бол?
-Тэрийг мэдэхгүй байна. Цагдаа нар өрөө бүрийг нэгжиж байх шиг байна.
-Х.Баттулга гишүүнээс байцаалт авсан уу?
-Эргэн тойрных нь бүхий л хүмүүсээс байцаалт авч байх шиг байна. Өмнө нь ч бас байцаалт авч байсныг та бүхэн мэдэж байгаа. Сонгууль дөхөж байгаа энэ үед магадгүй УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг хааж, боох сонирхол байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол энэ үйл ажиллагаа шууд утгаараа сонгуультай холбоотой гэж харж байна.
-Х.Баттулга болон төмөр замын асуудалтай холбоотойгоор МоАХ-ны гишүүдийг ч бас баривчлах нь гэх мэдээлэл байсан. Энэ талаар?
-Шууд улс төрийн зорилготой. Үзэж хараад, шалгаад, мөнгө төгрөг идэж уусан байна уу, үгүй юу гээд бүх зүйл хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа. Түвшинжаргалыг баривчилсныг та бүхэн харсан. 13 хоногийн турш сэжигтэн, яллагдагчаар татчихаад, нэг удаа ч байцаалт авахгүйгээр гаргасан. Тэгэхээр хэрвээ үнэхээр хэрэг хийсэн байвал баталгаа, нотолгоог гаргаад ирчих хугацаа хангалттай байлаа.
17:03 цаг:

М.Зоригт: Мэдээлэл аваад, санаа зовоод ирлээ. Баттулгыг баривчлах гэж байна гэж мэдээлэл авсан. Арай ч үгүй байлгүй дээ.
17:30 цаг:

Э.Бат-Үүл: Нэгжлэгийг яагаад тусгайгийнхан хийдэг юм. Хуулиар хэн нэгэнд нэгжлэх хийх гэж байгаа бол прокуророос зөвшөөрөл авсны дараа хийдэг. Би сошиалаар мэдээд ирлээ.
17:34 цаг:

Б.Гарамгайбаатар: УИХ-ын гишүүн ирлээ гээд ямар нэгэн давуу тал бий болгож чадахгүй. Болж байгаа үйл явдлыг харна. Одоогоор энэ бүх үйл явцтай холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийх боломж одоо алга. Юу болж байгааг мэдэхгүй байна.
17:39 цаг:

Х.Баттулга гишүүний охин Б.Намуун: Хууль нь хууль биш болсон оронд амьдарч байна
-Үнэхээр хууль нь хууль биш болсон нийгэмд л амьдарч байгаа юм байна. Зүгээр нэг нэгжлэг хийх гэж байгаа гэсэн. Тэгээд ямар том машинтай ирдэг юм. Оюутолгой дээр ам нээсэн болгон нь дарамтлуулаад л явж байна. Үнэхээр цагаандаа гарлаа. Энэ бүхний шалтгаан тодорхой. Сонгуульд оролцуулахгүй л гэсэн үйл ажиллагаа байх.
17:42 цаг:

Х.Цагаанбаатар: Тамирчид бид айдастай байна
-Монголын жүдо бөхийн тамирчид 4:50 цагт мэдээлэл аваад, бэлтгэлээ хийж чадахгүйгээр цүнхээ үүрээд, бүгдээрээ хүрээд ирлээ. Олимп дөхсөн байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид маргааш явах гэж байна. Олимпийн оноо авах чухал тэмцээн. Үүнээс гадна олон чухал тэмцээн бий. Ийм үед Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийг хууль, хүчнийхэн улс төрийн шаардлагаар, явуургүй үйлдэл хийж байгаад нь гайхаж байна. Тамирчид бидний хувьд энэ нөхцөл байдал маш их дарамт болж, сэтгэл зүйн хувьд айдас дагуулж байна. Манай шүүх, цагдаагийнхан хуулийн дагуу ажиллана гэж найдаж байна. Ерөнхийлөгчөө ямар нэгэн байдлаар буруу, хууль бус үйлдэл хийгээгүй гэдэгт тамирчид бид итгэлтэй байна.
17:45 цаг:

О.Балжинням: Ямар нэгэн хүчирхийлэл, халдлага хийхгүй, зөвхөн нэгжлэг хийж байгаа гэсэн байдалтай байна. Гэхдээ дахиад 500 цагдаа ирж байгаа гэх мэдээлэл аваад цочирдож байна.
17:55 цаг:

Монголын жүдо бөхийн холбооны тамирчид Баянгол оффисын төв хаалгыг хааж зогслоо. Тэд дотогш цагдаа хүчнийхнээс хэнийг ч нэвтрүүлэхгүй гэсэн юм.
18:19 цаг:

Б.Батзориг: 13 гэр бүлд Тавантолгойг өгөх гэсэн санаархал
-Одоогоос жил гаруйн өмнө Тавантолгойн луйвар гарсан. Энэ ямар учиртай вэ гэхээр Монголд үнэндээ сонгодог утгаараа Ардын нам, Ардчилсан нам гэж байхаа больсон. Зөвхөн энэ намын удирдлагуудад байдаг цөөн хэдэн гэр бүл, тоог нь хэлбэл, 13 гэр бүлд Тавантолгойг өгч, Монголын улс төрд хязгааргүй ноёрхох, монополь эрхийг тогтоохыг оролдсон. Энэ үйл ажиллагааг нь илчилж, нэвтрүүлэг гаргасны төлөө тагнуулаар айлган сүрдүүлж байсан удаатай. Тухайн үед сард Засгийн газар ММС гэж компанид вексел бичиж өгсөн. Энэ вексел ямар учиртай вэ гэхээр Засгийн газар ММС гэж компанид төсвөөсөө өрийг нь төлнө гэсэн утгатай. Энэ векселийг авснаар ММС гэдэг компанийн Хонконгийн бирж дээрх хувьцааны уналт түр зогссон. Одоо эд нар хугацаа хожиж, Монголчуудын үнэнийг хэлсэн хүмүүсийг “шүд сугалах” арга хэрэглэх байдлаар сүрдүүлэх арга хэрэглэж байгаа.
19:40 цаг:

Тусгайгийнхан компанийн бичиг баримтыг битүүмжилж авч гарлаа
Цагдаагийн тусгайгийнхан Х.Баттулга гишүүний хувьцаа эзэмшдэг “Түмэн хишигтэн” болон “Баялгийн хувь” гэх компанид санхүүгийн шалгалт хийхээр уг ажиллагааг эхлүүлсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ дагуу 19:40 цагийн орчимд цагдаагийнхан тус зочид буудлаас компанийн бичиг баримтуудыг зөөж, гаргасан. Ингэхэд Х.Баттулга гишүүний дэмжигчид болон хэвлэл мэдээллийнхэн оффисын төв хаалгыг бүчсэн байсан учраас хүндрэл үүссэн юм. Улмаар жүдо бөхийн тамирчдыг дайчлан зам гаргаснаар цагдаа нар битүүмжилсэн бичиг баримт болон процессоруудыг хураан авч, тусгай хамгаалалтын автомашиндаа суусан. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Л.Эрдэнэчимэг нар гарч ирж, хэвлэлийнхний асуултад хариулсан юм.
19:48 цаг:

Д.Ганбат: Ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй
-Цагдаа хүчний байгууллагынхан буу зэвсэгтэйгээр, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, ингэж ажиллаж болохгүй. Хувийн хэвшлийнхэнтэй холбоотой санхүүгийн гэмт хэргүүд бүгд өршөөлийн хуульд хамрагдсан. Би Өршөөлийн хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тийм учраас үнэхээр асуудал байгаа бол өршөөлийн хуульд хамрагдах байх. Сүржигнэхээ л байчих л даа.
19:50 цаг:

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Ямар нэгэн баривчилгаа явагдаагүй
-Та дотор байж байгаад гарч ирлээ. Юу болов оо?
-Асуудал юунаас эхэлсэн бэ гэхээр ерөөсөө л Тавантолгойтой л холбоотой. Аль аль намд нам дамжсан Тавантолгойн бүлэглэл бий. Тавантолгойг гадаадынханд өгөх гэж байсан гэрээг батлуулаагүй, зогсоосон. Тийм учраас энэ бүх асуудал эхэлсэн шүү. Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ.
-Дотор ямар нэгэн баривчилгаа хийх оролдлого гарсан уу?
-Энэ ажиллагаа цаашаа явбал, баривчилгаа явагдаж магадгүй. Дандаа туслах эмэгтэйчүүд, хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг баривчлахыг завддаг. Сая бид хамт байж байсны хүчинд ямар нэгэн баривчилгаа хийсэнгүй. Сонгууль дөхөж байгаа. Сонгуулиар Тавантолгойн асуудлыг шийдэхээс нааш энэ баривчилгаа дуусахгүй. Түүнчлэн нам дамжсан, нүүрсчдийн бүлэглэл сонгуулиар жагсаалтын ард нуугдаж үлдэх магадлал байгаа. Тийм учраас бид ерөөсөө 76 мажоритар системээр, өөр өөрсдийнхөө тойрогт өрсөлдөх хэрэгтэй. Тэгэхээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, 28-ын жагсаалтыг байхгүй болгохын төлөө бид ойрын долоо хоногтоо ажиллах болно.
-Өнөө өглөө Х.Баттулга гишүүний бас нэг туслахыг баривчилсан гэх мэдээлэл байсан?
-Өнөө өглөө 8:40 минутад Х.Баттулга гишүүний туслах эмэгтэйг гэрээс нь баривчилж, компани дээрээс нь бүх бичиг баримтыг битүүмжиллээ. Бид ямар нэгэн баривчилгаа хийлгэхгүйн тулд хажууд нь байсан.
Хэнийг ч баривчлаагүй, гэхдээ...

Ийнхүү 14:30 цагаас эхэлсэн ажиллагаа бүтэн 6 цаг үргэлжилсний эцэст 20:00 цагийн орчимд дуусгавар болсон. Тусгай ажиллагаагаар хэнийг ч баривчлаагүй. Зөвхөн хоёр компанитай холбоотой санхүүгийн баримт, компьютерийн процессоруудыг хурааж авсан. Гэхдээ олон нийт Х.Баттулга гишүүний баривчлах вий гэх айдастай хэвээр үлдлээ. Нөгөөтэйгүүр нэгэнт зөвхөн компанийн санхүүгийн шалгалт юм бол яагаад буутай, тусгай хүчнийхэн ажиллах болов гэдэг нь “асуултын тэмдэг” болж байсан юм.