Улсын хэмжээнд тэтгэврийн зээлтэй 228 493 мянган иргэн өнгөрсөн онд тэтгэврийн зээлээ чөлөөлүүлж тэтгэврээ бүрэн авах болсон билээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг үнэт цаасаар төлөх тухай гэрээг арилжааны банкуудын удирдлагатай байгуулан дээрх тэтгэврийн зээлийг тэглэсэн.
Тэгвэл ирэх тавдугаар сард тэтгэврийн зээл аваагүй иргэдэд олгох нэг сая төгрөгтэй тэнцэх ваучер хэвлүүлж “Эрдэнэс Монгол” компаниас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүлээлгэн өгчээ. Ингэснээр тэтгэврийн зээл аваагүй иргэдээс гадна зээлийн үлдэгдэл нь тухайн үед нэг сая төгрөг хүрэхгүй байсан хүмүүст олгох юм. Цаг хугацааны хувьд 2021 оны тавдугаар сарын 21-нд багтаан өгнө хэмээн тооцоолжээ.
Үүний хүрээнд нийт 194.807 иргэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих 1 сая төгрөгийн ваучер эзэмших бөгөөд бэлэн мөнгө болгох эсвэл цэнхэр , ногоон үнэт цаас шиг хэвээр нь үлдээж болох юм.
Эх сурвалжийн дурьдсанаар, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 21,410,667,549 ширхэг, нийт 1,146,077,542,881 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, ваучер биет болон биет бусаар, хаалттай хэлбэрээр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангаас 420 гаруй мянган иргэн тэтгэвэр авч байгаагийн 230 орчим мянга нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Эдгээр иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ өнгөрсөн оны нэгдүгээр сард гаргасан. Энэхүү хуульд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм.
“Эрдэнэс Монгол”-ын зүгээс дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байгаа юм. “Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр өнгөрсөн оны нэгдүгээр сард 228 мянга 493 иргэн 6 сая сая төгрөг болон түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөний 43.892 иргэн 1.0 сая төгрөг хүртэлх зээлтэй байжээ.
Ийнхүү тэтгэврийн зээлээ тэглүүлсэн болон ирэх тавдугаар сард зээлгүй иргэд нэг сая төгрөгтэй тэнцэх ваучер авснаар нийт 423.300 иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэж байгаа аж. Дээр бичсэний дагуу энэхүү ваучерийн эргэн төлөлтийг Салхитын мөнгө алтны орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж төлөлтийг хийж байгаа юм.
Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад буй "Эрдэнэс силвер ресурс" 2020 онд уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, хуучин баяжуулах үйлдвэрийг сэргээн засварлаж, үйлдвэрийн хүчин нэмэгдүүлэх үүднээс шинээр баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан байна. Дашрамд дурьдахад тус орд нь анхны батлагдсан ТЭЗҮ-ээр 2.7 сая тонн хүдрийн нөөцтэй юм.