Монгол Улсад 93858 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 66.3 хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгч. Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
УИХ-ын нэр бүхий гишүүд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас олгодог хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авч өгсөн нь тогтоогдож, шүүхээр шийдэгдсэн нь бий. Хамгийн багадаа 750 сая төгрөгөөс дээш санхүүжилтийг хамаарал бүхий компаниуддаа авсан гээд нийгэм даяараа шуугьж үүнээс улбаалаад “Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст энэ зээл олддог юм байна” гээд итгэл алдрах байдал иргэдийн дунд бий болсон.
Өнөөдөр энэ хөнгөлөлттэй зээл шударгаар олгогдож байна уу, эсвэл зөвхөн дуулиан шуугиан болон өнгөрч, “Мэдээлэлд ойр байдаг хэдхэн хүн дахиад л төслөө шалгаруулсан юм биш биз” гэх хардлага байсаар байна.

УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниуддаа авсан зээлээ бүгд 100 хувь төлсөн. Бид 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан. Мөн сонгон шалгаруулалт хийхдээ ирүүлсэн бүх төслийн материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж тулгалт хийгээд энэ аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгуулсан.
Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл нээлттэй, шударга, тэгш олгогдож байна уу.
Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Өлзий хийц” компанийн төлөөлөл
2020 оны төсөл сонгон шалгаруулалтад оролцсон Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг нoutube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газар SME Agency of Mongolia сувгаар хоёр өдрийн турш шууд дамжуулсан. Бид техник технологийн дэвшилтийг ашиглах юм бол хүмүүст ойлгомжтой нээлттэй болох юм байна гэж харсан. Хэдийгээр шалгарч амжаагүй ч гэсэн төсөл сонгон шалгаруулалтад оролцоод шударга болж байгаа юм байна гэж дүгнэсэн. Мөн өөрийнхөө төслийн алдааг олж харж чадлаа. Дараа жил төслөө өгөхдөө өмнөх алдаагаа ингэж засах юм байна гэдгээ мэдэж авлаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд нийт 1579 төсөл, 238.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Орон нутгаас 810 төсөлд нийт 78.7 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод 769 төсөл 159.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. ХХААХҮ- ийн сайдын тушаалаар зээлийн багцыг Жижиг, дунд зээлийн багц, Орон нутгийн зээлийн багц, Бичил зээлийн багц гэж гурав ангилсан байна. 2020 онд Бичил зээлийн багцын ангилалд хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлжээ. Жижиг, дунд үйлдвэрийн газраас Бичил зээлийн багцын ангилалд холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлдсэн байна. Эдгээр төслийн эзэд Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох Бичил зээлийн багцаас 64 аж ахуй нэгж 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болоод байгаа юм. Үлдсэн 48 төсөл улаан шугамын ард эрэмбэлэгдсэн бөгөөд дараагийн шатны санхүүжилт орж ирэхээр шийдэгдэнэ гэж ойлгох нь.
Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөл бүхийн хөрөнгийн үнэлгээ хийдэг 30 гаруй байгууллага бий. Тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг эдгээр байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилтээ олгож эхэлнэ.

Амны хаалт, ариутгах бодис үйлдвэрлэлийнхэн давуу талтай
Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоодог. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн, зүүн бүс гэж тогтоосон. Бүс бүрд нэн шаардлагатай жижиг, дунд үйлдвэрлэлийн нөөцөд нь тулгуурлаж тогтоосон гэсэн үг. Үүнийхээ дагуу жил бүр зээл олгохдоо зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 онд дэлхий нийтийг хамарсан Ковид19 цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зээл олгох, салбарын чиглэлийг батлахдаа нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл, ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарчээ. Эдгээр салбарыг шинээр оруулж ирснээс гадна уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл, зоорь, хүлэмжийн салбар чиглэл багтжээ. Мөн нэмж орж ирсэн нэг том салбар бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон. БОАЖЯ-наас олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсний дагуу Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч судалгаа хийжээ. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбарын 90 гаруй хувь нь ковид19-д өртсөн байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлжээ. Хэрэв зээл олгох салбар чиглэлээ тогтоогоогүй бол хэд дахин олон төсөл хүлээж авна гэсэн үг.
“Ер нь жижиг, дунд үйлдвэрийн салбар өөрөө улсын нуруун дээрээс маш их ачааг үүрдэг салбар. Харин татварын хувьд, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь гээд яривал тийм өндөр үзүүлэлт биш. Дэлхийд ч ялгаагүй энэ салбарынхан гол ачааг үүрдэг. Маш олон хүнийг ажлын байраар хангадаг салбар. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 93858 аж ахуйн нэгжийн 70 орчим хувь буюу 63131 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч. Бас нэг тоо дурдахад хөдөлмөрийн насны иргэдийн 4 хүн тутмын 3 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хөдөлмөрлөж, өөрөө өөрийгөө тэжээж, компанийн ажилчдынхаа амьдрал ахуйг залгуулаад явж байна” хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэллээ.
Цар тахлын улмаас хамгийн их доголдож байгаа хэсэг бол дээрх ЖДҮ эрхлэгчид. Тиймээс тус газраас ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хүүгээ хойшлуулах хүсэлтийг энэ оны долоодугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч байна.