
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. П.Сайнзориг нарын 19 гишүүний өргөн барьсан хуулийгхэлэлцэхийг дэмжсэн бол О.Амгаланбаатар нарын төсөл ТББХ-ны босго давсангүй. Байнгын хорооны хуралдааны үеэр бөхчүүдэд цол нөхөж олгохтой холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Наадам, цагаан сар дөхөхөөр наадам, цагаан сараа шоглуулах шалтгаан үүсгэдгээ болимоор байна. Түүх яриад байна. Түүхэнд нэг хүн гурвууланг нь хийдэг балай юм байхгүй.
Тэгш ойг тэмдэглэхтэй холбоотой хэсгийг нь дэмжиж байгаа. Үүний тулд хуульд өөрчлөлт орох хэрэгтэй болоод байгааг нь ойлгож байна. Хоёрдугаарт, 2021 оны наадмыг өнжсөн, залуучуудын холбооны барилдаанд цол олгох асуудлыг ярьж байна. Тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Монголын түүхэнд хийсэн асар том гэм нүгэл. Одоо бид араас нь арчих гээд сууж байна. 2021 оны долоодугаар сарын 2-нд Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч энэ хуулийн төсөлд цол нь олгогдоогүй бөхчүүдийн цолыг нөхөж олгоно гэх асуудал яригдаж байна. Тэр бол наадам биш. Би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбоо буюу төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл талцал руу авч очно. Бид ид барилдаж байгаа бөхчүүдэд цол нэмэх тухай ярьж байна. Цол авах нийт хэдэн бөх байгаа вэ, цол нэмэх бөхчүүдтэй болон бусад бөхтэй уулзаж, саналыг нь асуусан уу? Б.Бат-Өлзийг наадамд бүртгүүлчихсэн байхыг нь харахад хүртэл сайхан санагддаг миний хайртай бөх. Гэхдээ бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болоод, ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр эрэмбээрээ гарч ирнэ. Энэ залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү, эдэнтэй санал зөвшилдсөн үү?
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Ард олон, хэсэг залуучууд NONAADAM гээд жагсаж байсан. Цар тахлын хүнд жил байсан. Аливаа зүйлийг улс төржүүлж, шошго наах дэмий. Яагаад энэ хуулийг санаачлах болсон бэ гэхээр тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. Улсын жилээс гадна аймаг, сумын наадмууд тооцоод цолоо олгочихсон. Мөн 2022 онд цолыг нь өг гээд шийдчихсэн. Үүний процессыг би тодруулж байгаа юм.
Ямар, ямар бөх цол авах гэж байгааг тодруулчихъя.