Түүх сөхье. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF) Монгол Улсад анх 2007 онд үнэлгээ хийхэд 49 шаардлагаас 15-д нь муу, 21-д нь дунд үнэлгээ авчээ. Үүндээ тулгуурлан Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг жигдрүүлэх, банк, санхүүгийн байгууллагаас сэжигтэй гүйлгээний мэдээллийг тогтмол авч хянадаг болох, Эрүүгийн хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай ойлголтыг нарийвчлан тусгах зэрэг шаардлагуудыг тавьсан байдаг.
Ингээд уг зөвлөмж, шаардлагуудынхаа биелэлтийг 2012 онд шалгаад хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Монгол Улсыг саарал жагсаалтад багтааж байсан юм. Харин жилийн дараа манай улс Балба, Киргиз, Танзани, Кени улсуудтай “хөтлөлцөн” FATF-ын саарал жагсаалтаас гарсан түүхтэй. Тэгвэл, 2019 оны аравдугаар сарын 19-нд Исланд, Зимбабе улсуудтай хамт саарал жагсаалтад дахин орсон ч өнгөрсөн аравдугаар сард гарч чадлаа.
FATF Монгол Улсыг богино хугацаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлээр ахиц гаргаж чадсан гэж үнэлсэн. Тодруулбал, FATF-ын ерөнхийлөгч доктор Маркус Плейер “Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, цаашид тогтвортой хэрэгжүүлэхээр байгааг газар дээрх хяналт шалгалтаар баталгаажуулсны үр дүнд Монгол Улсыг хяналтаас гаргахаар шийдвэрлэлээ” гэсэн юм.
Тохирсон төлөвлөгөөгөө богино хугацаанд хэрэгжүүлсэн нь амжилт мөн хэдий ч өнгөрсөн түүхээ эргэж давтахгүйн тулд бид юу хийх ёстой вэ. FATF болон Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд биднийг “Өмнөх шиг 34 их наядыг Эдийн засгийн тод байдлын хуулиар далимдуулан ил гаргаж ирэх нь үү. Батлан хамгаалахын сайд нь гадаадад зэвсэг наймаалцах оролдлого хийсэн тухай ТЕГ-ын дарга нь ярих нь уу” гэх мэтчилэн анхааралтай ажигласаар байгаа. Эрүүл мэндээ хамгаалахын тулд дархлаагаа сайжруулдгийн адил эдийн засаг, санхүүгийн сектороо эрсдэлээс хамгаалахгүй бол дахин “тэнсэн” авч таарна.
Саарал жагсаалтад орсон орны хувьд дараагийн нэг жилдээ ДНБ-ий өсөлт 0.98 нэгж хувиар буурдаг гэсэн статистик бий. Ирэх жил буюу 2021 онд FATF-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэгт үнэлгээг ахиулах чиглэлээр ажиллах боломж байгаа гэдгийг Төв банкнаас мэдээллээ.
Тус олон улсын байгууллагаас тавьдаг олон улсын стандартууд байнга чангардаг. Тухайн стандартуудыг Монгол Улс тухай бүрт нь дагаж мөрдөх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахин дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. FATF- аас тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байхыг хамгийн гол зарчим болгож шаарддаг байна. Ирэх 2023 онд Монгол Улсын техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлж дахин хэвийн юм уу эсвэл эрсдэлтэй буюу саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
Монгол Улсын хэмжээнд хил гааль, санхүү, прокурор хүртэл багтсан ажлын хэсэг саарал жагсаалтад орсноос эхлээд ажилласан. Хуралд оролцоход Монголбанкнаас өгдөг урамшууллын ачаар ирц сайжирсан хэмээн өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлж байсан. Үүнээс харвал төрийн хамгийн харицулагатай албан тушаалтнууд ажлын хэсгийн хуралдаанд хойрго оролцдог гэсэн үг.
Тэгвэл ирэх 3-4 жилд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг буюу Үндэсний хөтөлбөрийг батлуулж олон улсын санхүүгийн дархлаагаа сайжруулж авахаар эрх бүхий байгууллага шийджээ. Ингэж батлуулахдаа үндэсний эрсдэлийн үнэлгээ хийнэ. Нийт 10 дэд ажлын хэсэгтэй, 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд салбар бүрийн эрсдэлийг үнэлэх, үүн дээрээ тулгуурлаад дутагдалтай талуудыг илрүүлж, асуудлыг систем, тогтолцооных нь хувьд тодорхойлох зорилготой.

Бид энэхүү үндэсний эрсдэлийн үнэлгээг дөрөвдүгээр улирал гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. FATF-ын техникийн хэрэгжилтийн дараагийн үнэлгээ 2023 онд болно. Тэгэхээр үндэсний хөтөлбөр нь FATF- ын техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн зөвлөмж тус бүрээр ямар асуудал тулгарах вэ, ямар эрсдэлүүд бий болох вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ, хэн, ямар байгууллага хариуцах вэ гэдэг бүх асуудлыг тодорхойлох бодлогын томоохон бичиг баримт болох юм. Тийм учраас бид ирэх оны эхний улирал гэхэд энэхүү баримт бичгээ батлуулаад, үлдсэн хугацаанд нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад, цаашид хэрэгжүүлж ажиллана. Энэ бүгд нь 2023 онд болох FATF-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээг хамгаалах чухал суурь ажил болох юм.
Ийнхүү бид “Нүглийн нүдийг гурилаар хуураагүй” гэдгээ энэ удаад дахин батлахгүй бол хэдий болтол иргэний дайнтай, өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве зэрэг улстай зэрэгцэн алхах билээ. 2012, 2019 онд саарал жагсаалтад орсонтой ирэх жилүүдийг харьцуулах аргагүй. Тухайн үед Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ид татаж, эдийн засгийн өсөлт ч 16-17 хувьтай байсан бол харин одоо нөхцөл байдал тийм биш. Зээлжих зэрэглэл энэ онд “B сөрөг” гэдэг үзүүлэлтээс арайхийн “B тогтвортой” дээр үнэлэгдээд байгааг дурдахад л хангалттай.

FATF-ын саарал жагсаалтад орсноор маш том эрсдэлтэй. Санхүүгийн сектор ялангуяа, банкны салбарын гадаад төлбөр, тооцоо хүндрэлд орно. Богино хугацаанд бага зардлаар хийдэг байсан төлбөр, тооцооны гүйлгээг өндөр зардлаар, нэлээд урт хугацаанд хийдэг болно. Энэ нь иргэдэд ч нөлөөлнө. Тухайлбал, кредит картаараа гүйлгээ хийхэд хүндрэл үүснэ гэсэн үг. Цаашлаад гадаад төлбөр, тооцоо хязгаарлалтад орж, зээлжих зэрэглэл унасан тохиолдолд гаднын хөрөнгө оруулалт буурна. Мөн манай төлбөрийн балансад асуудал үүсч, ханшид нөлөөлөх магадлал бий болох зэрэг сөрөг үр дагавартай юм.