Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 ам.доллараар шагнуулсан.
Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл сошиалд гарсан байна хэмээн Татварын ерөнхий газраас тайлбар хийжээ.
Уг тайлбарт, "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д зааснаар урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг.
Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм.
Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг юм шүү. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн залуустаа баяр хүргэе" гэжээ.