УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох төслийг Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Ц.Сэргэлэн: Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг санаачилж УИХ-аар батлуулсан хүн Ерөнхий сайдаар томилогдож байгаад баяртай байна. Онцгой сайн үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт баяр хүргэе. "Алсын хараа 2050"-ын үндсэн агуулга нь амьдралын чанарыг сайжруулах гэж харж байгаа. Үүний цаана шударга ёсны гүн гүнзгий агуулга бий. Үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. МАН-ын ард түмэнд өгсөн амлалт ч хөгжлийн бодлогод бий. Амлалтаа биелүүлэх хүндхэн ачааг таны тэргүүлэх Засгийн газар үүрч байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.