УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд түүнээс асуулт асууж, саналаа хэлж байна.
Ж.Сүхбаатар: -Асуух зүйлээ Байнгын хорооны хуралдааны үеэр асуусан учраас саналаа хэлье. Ерөнхий сайдын хувьд жендэрийн асуудалд анхаарлаа хандуулж ажлаарай гэж захих гэсэн юм. Хууль тогтоомжуудад эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн багадаа 15 хувь байлгахаар заасан байдаг. Гэхдээ заавал 15 хувь гэхгүйгээр дэмжиж ажиллаарай. Би УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийнхээ саналыг дэмжиж байгаа. Энэ шаардлагыг хангасан Засгийн газар байгуулагдана гэж харж байгаа.
Мөн орлогогүй болсон айл өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Ирэх хоёр, гуравдугаар сард айл өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Айл өрхүүдэд 300 мянган төгрөг олгох шаардлага байна гэж харж байна. Үүнийг шинэ Засгийн газар харж үзээрэй.