УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд түүнээс асуулт асууж, саналаа хэлж байна.
Ш.Адьшаа: -Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэ танд баяр хүргэе. Томоохон төслүүдийн ажлыг цааш нь үргэлжлүүлэх үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар өчигдөр Засгийн газрыг төлөөлж Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээг цуцална гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ бодит ажил хэрэг болох уу?
Л.Оюун-Эрдэнэ: -Төмөр замын төслийг үргэлжлүүлнэ. Миний хувьд хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн багийн ахлагчаар ажилласан. Тиймээс үндсэндээ бодлогын залгамж чанар У.Хүрэлсүх сайдынхтай нийцэж явна. Бид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах шаардлагатай. Ингэж чадвал Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.долларыг хэмнэж, экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс нэн тэргүүний хийх ёстой ажил энэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол Улс гадагшаа урсаж байгаа нэг тэрбум ам.долларыг дотооддоо хадгалж үлдэх боломж үүснэ. Эрчим хүчний хувьд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээр амаргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх тухай хатуу үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд амаргүй сорилтон дундуур явсан. Ахиц, үр дүнгүүд гарсан. Үүнтэй зэрэгцэн улстөржилт нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад энэ гэрээг цуцлах санал тавьсан.