Шатар дуусахад ноён, хүү хоёр нэг л хайрцаганд ордог нь жам хойно Л.Оюун-Эрдэнэ ямар нэртэй үлдэх эсэх нь хэрхэн нүүхээс нь хамаарах билээ.

-Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна.

Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.

Тиймээс улс орныхоо тогтвортой байдал, амгалан тайван байдлыг бодож цар тахлын хүнд цагт төр засгийн хэвийн үйл ажиллагаа явуулахын эсрэг асуудал үүсэх вий гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо.

-2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм.

Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна.

Хариуцлага, сэтгэл шаардсан залуус хоёр ч сайдыг “идэж”, засгийн ноёныг шалж эхэлсэн өрөгт мад тавилаа. Ноён огцорлоо. Өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжив.

МАН-ын дарга У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдаар өөрийн гал тогоогоо “бариулж” байсан Л.Оюун-Эрдэнийг тодруулав. Цодгор хүүгийн цодлооноос эхтэй улс төрийн нүүдэл нь үүгээр дуусах уу, ничих үү, өөрөө мад тавиулж дуусах уу гэдэг Л.Оюун-Эрдэнийн хэрхэхээс хамаарна. Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр урьд өмнөхөөсөө илүү эрх мэдэлтэй болсон хоёр дахь Ерөнхий сайд болж байна.

Намынхаа Бага хурлаас итгэл хүлээгэхэд тэрээр дараах үгийг хэлсэн юм.

-Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна. Нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд намын удирдлагууд, намын нөхөд, үе, үеийн Ерөнхий сайд нар болон эдийн засагч нартай зөвлөлдөж, ажиллана. Ер нь цаашдаа манай улс Эдийн засгийн хөгжил, инновацийн яам байгуулж, тогтвортой бодлоготой явах учиртай. Энэ асуудлыг шийдэх ёстой. Харин одоо шийдэх үү, аажмаар шийдээд явах уу гэдгээ ярилцаж байгаад шийд гаргах ёстой гэж бодож байна. Мөн танхимаа бүрдүүлэхдээ эмэгтэйчүүдийн квотод анхаарна.

41 настай, 1980-аад оныхны төлөөлөл болсон тэрээр намынхаа хүчтэй, нөлөөтэй, туршлагатай, боловсролтой лидерүүд дундаас ийнхүү тодрон гарч ирлээ.

Н.Энхбаярыг хаан шиг байхад хажууд нь байж, М.Энхболдыг засаглаж ахуйд хажууд нь алга ташин сууснаа хаврын хавсарга шиг хавсарч унагаан У.Хүрэлсүхийн замыг засан тал олсон гэх таагүй үгс түүнийг дагадаг. Үнэхээр ч тэгж харагдаж байгаа. Бас өөр намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй өвөрмөц харилцаатай ч гэлцэх нь бий.

Харин өөрөө өөрөөр тайлбарладаг. Болохгүй бүтэхгүй, бугшсан, ялзарсан улс төрийг цэвэрлэхийн тулд энэ бүхнийг хийсэн гэдэг. Тийм ч биз, үгүй ч биз.

Ганц тодорхой юм гэвэл тэр залуу байна. Замнах зам нь өнгөрсөнд бус ирээдүйд илүү тодорно.

2016 онд Хэнтий аймгаасаа УИХ-ын гишүүн болж, 2020 оны сонгуулиар улиран сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн маргаан зэрэгт Засгийн газрыг төлөөлж буй. Ерөнхий сайдаар ажиллавал түүнийг ямар боломж хийгээд сорилт хүлээж байгааг танилцуулъя.

Боломж

Н.Алтанхуягийг огцроход танхимынх нь гал тогоог хариуцаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсонтой адил У.Хүрэлсүхийг огцороход Л.Оюун- Эрдэнэ засгийн тэргүүн болов. Гэхдээ Ч.Сайханбилэгээс илүү боломж Л.Оюун- Эрдэнэд бий. Тэр намын даргынхаа дэмжлэгийг аваад зогсохгүй төрийн тэргүүнтэй ч таатай харилцаатай. Мөн УИХ-ын төдийгүй залуусын дэмжлэгийг авч чадна. Нөгөөтэйгүүр тэрээр хэр зэрэг хөрөнгө зоорьтой, ямаршуухан эдийн засагтай засгийг авснаа арван хуруу шигээ мэдэж байгаа. Хаана ямар асуудал бийг хэнээс ч илүү мэднэ.

Өөрийнх нь гардан батлуулсан “Алсын хараа 2050”, “E-Mongolia” цахим хөтөлбөрөө бүрэн утгаар нь амьдралд хэрэгжүүлэх боломж түүнд олдож байна. Нийгэм, эдийн засгийн хувьд бүхэлд нь реформ хийх, хэлснээ бодит амьралд биелүүлэх боломж түүнд байна.

Сорилт

Дэлхий нийтийг цочроож буй цар тахлын дараагийн давалгааг хохирол багатай тэсэж гарах хүнд сорилт түүнд шилжлээ. Эрүүл мэндийн салбар нь олон жил бугшсан идээ, бээртэй энэ үед цар тахлын эсрэг тэмцэл нь өөрийнх нь танхимыг ганхуулахгүй гэх баталгаа бага.

Дээр нь түүхэнд байгаагүй хасах заасан эдийн засагтай, туйлдаж, сөхөрсөн татвар төлөгчидтэй, төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч “Эрдэнэт”, “Оюутолгой” нь маргаантай байна.

Өмнөх Засгийн газруудын тавьсан өрийг өөрийнх нь Засгийн газар төлөх ялыг үүрнэ.

2021.04.06-нд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар

2022.12.05-нд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар

2023.05.01-нд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар

2023.07.28-нд БНХАУ-ын Ардын банкны 15 тэрбум юань

2023.10.23-нд Хөгжлийн банкны 500 сая ам.доллар

2023.12.16-нд “Самурай” бондын 600 сая ам.доллар

2024.03.09-нд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өрийг төлөх учиртай.

Өөрөөр хэлбэл дараагийн сонгууль хүртэл дарамтлах олон олон сорилтууд түүнийг хүлээж байна.

Хэрхэхийг тэнгэр мэдэхгүй

Хангай тэргээр хацар дунд чинь халуун шаг

Хаздаг буураар хажуу талаас чинь дайран дуг

Арслан барсаар амин голийг чинь таслан шаг

Өрөөлтэй мориор өрөөсөн хөлийг чинь өшиглөн шаг

Өнчин хүүгээр өвчүүн дунд чинь өрлөн цод

хэмээдэг шатрын “таван халуун” шиг шаггүй улс төрийн нүүдэл хийж явсан Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө бай болов. Энэ бол эсрэг тал нь мадлах гэж улайрахаас гадна, чанх дэргэдээс нь ам нээвэд шаглаж, алдаа гарвал унагаах гээд байдаг өршөөлгүй өрөг гэдгийг өөрөө тэрээр мэдэхийн дээдээр мэднэ.

Сөрөг хүчин аюул багатай гэхэд нам дахь ашиг сонирхлын бүлэглэлүүдийн шалаа, дуглаа, цодлооноос өөрийгөө хамгаалж, нийгэм, эдийн засгаа хэрхэх вэ гэдгийг давхар давхар тунгааж нүүх толгойны нь өвчин боллоо.

Энэ бүхнийг ард гарах хүслээ гүйцэлдүүлэхдээ өөрийн хүрээллийг бүрдүүлж, бусдын хүрээлэлд таацуулсан бэрс, тэмээ, морь, тэрэг, хүүтэй байж гэмээн мад тавина.

Шатар дуусахад ноён, хүү хоёр нэг л хайрцаганд ордог нь жам хойно Л.Оюун-Эрдэнэ ямар нэртэй үлдэх эсэх нь хэрхэн нүүхээс нь хамаарах билээ.

Төрийн тэргүүний сонгуульд эрх баригчдын ноёныг унагах тэмцэлд энэ хүү голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой боллоо.Ноён урваач, нохой шарваач гэдэг зүгээр ч нэг үг биш байх. Тиймээс хүсэвч эс хүсэвч түүний тулаан эхэллээ. Хүү байх уу, бэрс байх уу гэдэг нь угтаа “Бэрс” сургуулийн төгсөгч хүүгийн хэрэг биш эх орончийг элтлээ хүлээж буй эгэл ардынх нь амьдралд хамаатай болсон хатуу цагийг сануулах юун.