УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх энэ долоо хоногт улс төрийн хүрээнд нэлээд бужигнаантай байх нь. Намрын чуулганыг ирэх баасан гарагт хаахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрөөс ээлжит бусаар хуралдаж, олны анхаарлын төвд байгаа шинэ Засгийн газрын тэргүүнийг томилох, Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-аас төлөвлөснөөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилохоор зэхжээ. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдыг томилуулах тогтоолын төслийг өргөн бариагүй байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хүлээж авч уулзах бөгөөд үүний дараа Байнгын хороо, чуулган хуралдахаар болсон байна. Гэхдээ Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилуулахаас татгалзах эрхгүй учраас ямар ч нөхцөлд намаасаа 100 хувийн саналаар дэмжигдсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон гэхэд болно. Цаг хугацааны хувьд л өнөөдөр үү, маргааш уу гэсэн сонголт бий.
Харин одоо анхаарал татаж буй асуудал нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн. Зарим гишүүний хэлж буйгаар өмнөх Засгийн газрын гишүүдийн ихэнх нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэх чигтэй байна. Одоогоор салбар хариуцаж сайдаар томилогдох магадлалтай, нэрс нь яригдаж байгаа хүмүүсийг танилцуулъя.
Гэхдээ энэ нь зөвхөн таамаг бөгөөд танхимын гишүүдээ хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд өөрөө шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилж, огцруулах эрхтэй болсон бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-д зөвхөн танилцуулна. Тодруулбал, Ерөнхий сайдын бүрэн эрхэд дараах өөрчлөлтийг оруулсан юм.
Ямартай ч хуулийн энэ заалтаар шинэ Засгийн газар байгуулагдана. Харин шинэ Засгийн газрын өмнө дэлхий нийтийг хамраад буй цар тахлыг эрсдэл багатай даван туулах, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах, эдийн засаг, нийгмийн хүндрэлийг бууруулах гээд өндөр хариуцлага шаардсан олон ажил хүлээж байгаа. Улс төрийн хувьд ч намдаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хэмжээний нэр хүндийг бий болгох, иргэдийн итгэлийг алдахгүй үлдэх үүрэг хүлээнэ. Цаашлаад цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас гарах, ажилгүй, орлогогүй иргэдийн нийгмийн асуудлыг урт хугацаанд шийдвэрлэх, хугацаат бондын өр төлөх зэрэг амаргүй даваа ч бий. Нэг ёсондоо алдагдлыг арилгаж, ард иргэдээ хамгаалах авралын одоо Засгийн газар байгуулагдах гэж байна. Харин аврах уу, алдах уу гэдгийг ирэх өдрүүд хийгээд ирэх жилүүдээс харах биз ээ.