Вашигтонд эмх замбараагүй байдлыг өдөөн турхирсан хэрэгт буруутгагдаад буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн төрөл бүрийн санаачилга хөдөлгөөн идэвхжиж байна. Тухайлбал "Гэртээ ганцаараа" киноны шүтэн бишрэгчдийн зүгээс 2 дугаар ангид Трампын гардаг хэсгийг хасах санаачилга өрнүүлж гарын үсэг цуглуулж байгаа юм. Гол баатар Кевиний дүрд тоглосон жүжигчин Маколей Калкин ч энэ санааг дэмжиж байгаа ажээ. Зарим хүмүүс Трампын оронд өдгөө 40 нас хүрсэн Маколей Калкиныг өөрийг нь оруулж эвлүүлж болохыг ч санал болгожээ. Твиттер хэрэглэгчдийн дунд шинэ Ерөнхийлөгч Жо Байден, жүжигчин Киану Ривз нараар Трампыг орлуулах тухай ид мэтгэлзэж байна.
1992 онд дэлгэцнээ гарсан "Гэртээ ганцаараа-2" киноны зураг авалт Дональд Трампын эзэмшлийн Плаза зочид буудалд явагдсан юм. Найруулагч Крис Колумбын дурссанаар Трамп буудалдаа зураг авалт хийхийг зөвшөөрөхдөө ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй, харин өөрийгөө туслах дүрд тоглуулахыг санал болгожээ.