
Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн онцлох тэмцээн болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Азарбайжаны нийслэл Бакуд зохион байгууллаа. Долоо хоногийн турш болсон ДАШТ-д 93 орон оролцож, дэлхийн аваргуудаа тодрууллаа.
Монголын жүдо бөхийн шигшээ баг нэг хүрэл, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байр эзэлсэн амжилтаар 16-р байрт жагслаа. Нийт долоон орон дэлхийн аваргатай, 18 орон орон ямар нэгэн медальтайгаас Бакугаас буцжээ.
Олимпын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү эргэн ирлээ
Хамгийн хөнгөн жин болох эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Баасанхүү барилдаж, хүрэл медалийн оосроос атгаад алдсан юм. Хоёрхон жилийн өмнө олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, Монголын багийн ганц медаль авчирч байсан түүний хувьд хувийн амьдралдаа анхаарч ээж болсны дараа дэвжээндээ эргэн ирж байгаа нь энэ. Хавраас хойш бэлтгэлээ эрчимжүүлж, Улаанбаатарын “Их дуулга”-д барилдсан Б.Баасанхүү Азийн наадмыг өнжин шууд Азарбайжанд очсон. Тэмцээний эхний өдөр барилдсан тэрээр хүрэл медалийн төлөө Францын Ширин Боуклид ялагдсан юм. Б.Баасанхүү медаль авч чадаагүй ч өөрийгөө дахин дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээнд байгаа гэдгээ харуулаад авлаа. Мөн Монголын 48 кг-ын жинд олон хүчтэй өрсөлдөгч байгаа учраас залуу жүдоч Ж.Анударийг ч энэ удаагийн багт багтаажээ. Түүний хувьд энэ ДАШТ-ээр өөрийгөө бүрэн харуулах боломж байсан. Учир нь 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Ж.Анударь эхний барилдаанд Бразилын Кларис Ребейрог ялсан бол цааш торолгүйхэн хэсгийн аваргын төлөө барилдах байв. Залуу жүдоч энэ алдаанаасаа ихийг сурч ирэх жилийн тэмцээнийг өнгөтэй эхлүүлэх нь ойлгомжтой.
Мөн 52 кг-д Б.Уранзаяа медалийн төлөө гарч ирсэн. 19 настай залуу жүдоч Бакуд урамтай барилдаж, тавдугаар байр эзэллээ. Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын шавь Б.Уранзаяа жиндээ хүчтэй өрсөлдөгч болжээ. Энэ жинд түүнээс гадна М.Нандин-Эрдэнэ ч барилдаж, шөвгийн 16-д үлдсэн юм.
52 кг-ын жинд Монголын олон жүдоч бий. Тэдний нэг нь Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой юм. Түүний хувьд энэ удаа шүүлтийн буруугаас ялагдсан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Мөн энэ удаагийн тэмцээний үеэр шүүлтийн талаарх гомдлууд удаа дараа гарч Б.Баасанхүү дээр ч үнэлгээ дутуу өгсөн зэрэг асуудлууд гарсан билээ.

Азийн наадмын хүрлийн араас ДАШТ-ий гурав дахь медалиа Л.Энхрийлэн хүртлээ
Энэ жилийн ДАШТ-ий өмнө Азийн зуны спортын ХХ наадам өндөрлөсөн учир манай багт сонголт хийхэд хүнд байсныг жүдо бөхийн холбооноос онцолсон. Тиймээс багийн эхний хэсэг шууд Азарбайжаныг зорьсон бол зарим нь Японд болсон Азийн наадамд оролцсоны дараа ДАШТ-ийг зорьсон. Энэ сонголтын нэг нь Л.Энхрийлэн байсан юм. Тэрээр Азийн наадмын 63 кг-д хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулсан. Тивийнхээ олимпод финалд барилдах зорилготой ирсэн гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медалиа зүүгээд Азарбайжанд яаравчлан очсон. Гэхдээ тэр долоо хоногийн хугацаанд хоёр тэмцээнд оролцсон ч багийнхаа итгэлийг алдаагүй юм.
63 кг-ын медалийн тавцанд очиход Л.Энхрийлэнгийн өмнө олимп, дэлхийн аваргын медальт олон жүдоч байв. Энэ удаа түүний хамгийн хэцүү өрсөлдөгч нь 21 настай Израилын Керем Примо байсан юм. Хэрвээ түүнийг ялсан бол хагас шигшээд үлдэж, цааш финалд ч барилдах боломж байв. Энэ удаа Примо сайн байгаагаа харуулж, мөнгөн медаль хүртсэн. Түүнд ялагдсан Л.Энхрийлэн дагах барилдаанд олимпын аварга, дэлхийд зургаа түрүүлчихсэн Францын Клариссе Агбегнэноуг, хүрлийн төлөө дэлхийн аварга, Нидерландын жүдоч Ван Лиесхоут нарыг дараалан ялснаар медалийн тавцанд зогссон юм. Монголын Л.Энхрийлэнд ялагдсан алдарт жүдоч Клариссе Агбегнэноугийн ялагдлыг Францын хэвлэл мэдээлэл шүүрч аван мэдээлсэн.
Гавьяат тамирчин Л.Энхрийлэнгийн энэ амжилт Монголын багийг медаль хүртсэн орны тоонд оруулсан юм. Үүнээс өмнө хоёр тавдугаар байрын амжилтаар 16-р байрт бичигдэж байсан манай багийн амжилт таван байраар урагшилж 11-т бичигдэж эхэлсэн. Харин энэ амжилтыг үлдсэн өдрүүдэд манай жүдочид ахиулж чадсангүй.

Б.Ганхайч холимог багийн барилдаанд чухал ялалтыг авч медалийн төлөө барилдах эрхийг авсан юм
63 кг-ын жинд барилдсан өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч долоодугаар байр эзэлсэн. Түүний хувьд энэ жил ч медалийн өнгө харагдаж байв. Б.Ганхайч өчигдөр болсон холимог багийн шийдвэрлэх барилдаанд багийнхаа чухал ялалтыг авсан. Монгол, Туркийн багийн хожлын харьцаа 3:3 болсон. Сүүлийн барилдаан эмэгтэйчүүдийн 70 кг-ын барилдаанаар шийдэгдэхэд Б.Ганхайч өрсөлдөгчөө нэмэлт цагт ялж, багийн чухал ялалтыг авлаа. Ингэснээр Монголын баг Туркийг 4:3-аар ялж, медалийн төлөө өрсөлдөх боломжтой болсон юм.
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн өчигдөр мөн багтаа онцгой ялалтыг авчирлаа. Тэрээр холимог багийн барилдааны үеэр Японы багаас нэг ялалт авч чадсан юм. Шөвгийн наймд учраа таарсан Монгол, Японы багийн барилдаан 4:1-ээр өндөрлөсөн. Японы баг цааш финалд шалгарсан бол манай жүдочид Туркийг 4:3-аар ялж, хүрэл медалийн төлөө Узбекистаны багтай барилдахаар болсон.

Гавьяат тамирчин Ё.Басхүү дахин медалийн төлөө гарч ирлээ
66 кг-д бас л сонголт ихтэй байлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэлтэй ирсэн К.Ёолкыг Азийн наадмын бүрэлдэхүүнд багтаасан. Харин 2021, 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүүг Бакугийн багт оруулсан нь багийн сонголт зөв байсан уу гэдэгт эргэлзэж байв. Учир нь тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-ийг шөвгийн 32-с өндөрлүүлж, энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй хоцроод байсан юм. Гэвч Ё.Басхүү гавьяат бэлтгэлийг чамбай хийж, сорилтыг сайн давж чадсан байна. Үүнийг ч ерөнхий дасгалжуулагч У.Эрдэнэбаатар анзаарч чаджээ.
Ё.Басхүү шөвгийн наймд төвөггүйхэн гарч ирсэн ч Испанийн Гарсиа Торнед ялагдсан. Харин дагах барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, энэ жилийн Азийн аварга Тажикистаны Нуралийг ялсан ч хүрлийн төлөө дэлхийн аварга Японы бөх Такеока Такешид вазаригаар ялагдсан.
33 насандаа дахин дэлхийн дэвжээнд барилдсан Ё.Басхүүгийн хувьд ирэх жил илүү хүчтэй орж ирэх нь харагдлаа. Учир нь олимпын өмнөх жил учраас түүнд дэлхийн чансааны оноо чухал юм.

Монголын баг 93 орноос 16-р байрт жагсаж, медальт хүртсэн орны тоод багтав
Энэ жилийн ДАШТ-ийг Японы баг долоо алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Энэ удаа эрэгтэй 81, +100, эмэгтэй 70, +78 кг жингээс бусад бүх жиндээ япончууд медальт байранд орсон. Зарим жинд хоёр ч медаль авсан юм. Харин Гүржийн баг хоёр алтан медальтай удаалсан бол Азарбайжан, Испани, АНЭУ, ОХУ, БНСУ-ын баг нэг аваргатайгаар 3-7-р байрыг эзэллээ. Тэмцээний сүүлийн өдөр хүртэл нэг ч медальгүй байсан БНСУ-ын багаас эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд И Хён Жи Төрийн дууллаа эгшиглүүлж, 19 насандаа дэлхийн аварга болсон юм. Энэ алтан медалийн ачаар БНСУ-ын баг 20-р байраас долоодугаар байрт дэвшсэн.
Монгол Улсын баг нэг хүрэл, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байрын амжилтаар 16-р байрт жагслаа. Манай багийн урд Серб гурван хүрэл, Герман, Чехийн баг хоёр хүрэл медальтайгаар орсон юм. Энэ жилийн тэмцээнээс 18 орон медаль хүртлээ.
Ташрамд дуулгахад, 2027 оны насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсад болно.