Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд явагдаж байна.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1769 салбар байгууллагын албан тушаалтан 2020 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх юм. Энэ онд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Соёл, урлагийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агентлаг шинээр байгуулагдсан нь мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орохоор байгаа аж.