
“Ийгль ньюс” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрийн зочин хөтлөгч Э.Одгэрэл үргэлжлүүлэн эх хэлээрээ зөв ярьж, бичих тухай Ардын уран зохиолч Ш.Дулмаа, “Гэрэг” дижитал студийн эрхлэгч, сэтгүүлч У.Бямбаням нартай ярилцаж байна. Мөн зочин хөтлөгчийн хамт “Ийгль ньюс” телевизийн продюссер Ц.Ганзориг ярилцаж байгаа юм.
Эх хэлний соёлыг түгээхийн тулд сэтгүүлчид эх хэлээрээ зөв ярьж, зөв бичдэг байх хэрэгтэй.
Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайн хувьд “Үнэн” сонинд тасралтгүй 30 жил ажилласан, сэтгүүлзүйн салбарын хүндтэй төлөөллийн нэг билээ. Тэрээр юуны өмнө эх хэлний соёлыг түгээхийн тулд сэтгүүлчид эх хэлээрээ зөв ярьж, зөв бичдэг байх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр Э.Одгэрэл саяхан нэвтрүүлэг үзэж байхдаа анзаарсан гэх нэвтрүүлэгчийн үгийн сонголтын талаар ярилаа. Тэрээр “wow” /гайхалтай/ гэдэг үгийг хэрэглэж уулга алдаж байсныг онцолж, эх хэлээрээ зөв ярих тухай зочидтойгоо ярилцсан юм.
Энэ талаар Ш.Дулмаа “Сэтгүүлчийн үгийн сонголт явцуурч байгаа тухай шүүмжлэл их гарах болсон. Бидний үед сэтгүүлч болон хэл бичгийн ангийн төгсөгчдөд нутаг нутгийн аялгыг заан, яриулж сургаж байсан. Одоо манайд орчуулгын товчоо байна уу, үгүй юу. Тийшээ утасдаад монголоор орчуулуулж ярих хэрэгтэй. Монгол хэлний гайхамшиг бол сэтгүүлэх чадварт оршино" гэлээ.

Харин “Гэрэг” дижитал студийн эрхлэгч У.Бямбаням “Сэтгүүлчээр суралцаж байх үеийн онолоос илүүтэй уншиж байсан номын үгс бичих, ярихад их ашиглагддаг. Тиймээс ном сайн унших хэрэгтэй юм шиг санагддаг. Сүүлийн үед сэтгүүлзүйн хөгжил хурдтай сэтгэх, хурдтай ажиллах дээр тулгуурладаг болсон нь тэднийг шүүмжлэлд өртөхөд хүргэж байна. Одоо бид уранзохиолоо унших гэхээр хэний зохиол гэдгийг ялгаж харахад хэцүү болсон. Уран зохиолын хэл явцуураад ирэхээр доод талд байх сэтгүүлчдийн үгийн сонголт бас явцуурна” гэв.
Үргэлжлүүлэн УГЗ Д.Ухнаа болон Монголын мистер Л.Баянхүү нартай "Сайхан монгол эр хүн гэж хэн" сэдвээр ярилцаж байна.