“Улаанбаатар Элит”-ийн төгсөгчид дүү нартаа онлайнаар англи хэлний үнэгүй сургалт хийж байна
Сурагчид нэг нэгэндээ үлгэрлэж, өөрсдийнхөө олж авсан боломж, мэдлэгийг бусдадаа түгээх олон ажлыг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль санаачлан хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “Spark” төсөл. “Сурагчид төдийгүй багш нарын зүрхэнд оч асаасан хамгийн гоё төсөл нь” хэмээн тэнд тодорхойлсон. Яагаад гэвэл энэ төслийн ачаар сурч мэдэх боломжоор хязгаарлагдмал хөдөө орон нутгийн сурагчид асар их боломж байгааг мэдэж авсан бол хичээл заасан сурагчид ч илүү их мөрөөдөлтэй болжээ.
Энэ удаа “Улаанбаатар Элит”-ийн өнгөрсөн жилийн төгсөгчид энэ жил сургуульд нь шинээр элсэж ирсэн 50 орчим сурагчид англи хэлний анхан болон дунд шатныг нэмэлт сургалтуудыг онлайнаар зааж байна. Тус сургуулийн төгсөгчидтэй “Spark” төслийнх нь талаар ярилцлаа. Тэд гадны томоохон их, дээд сургуулиудад тэнцсэн ч цар тахлын улмаас явж чадалгүй энд сурч байгаа юм байна.

-”Spark” төслийн санаачлан хэрэгжүүлсэн сурагчид сургуулиа төгссөн ч дүү нартаа онлайнаар хичээл зааж байгаа юм байна. Өөрсдийгөө танилцуулахгүй юу? Хүүхүүдэд онлайн хичээл заахад ямар байна вэ?
-Намайг Б.Удвал гэдэг. СЭЗИС-ийн I курсийн оюутан. Өнгөрсөн жил “Улаанбаатар Элит”-ийг төгсөөд Австралийн Күйнсландын их сургуульд санхүүгийн мэргэжлээр суралцахаар болсон ч коронавирусээс болоод явах боломжгүй байгаа тул эндээ сурч байна.
Одоо 6-11 дүгээр ангид энэ хичээлийн жилд шинээр “Улаанбаатар Элит” сургуульд орж ирсэн хүүхдүүдэд дунд шатны англи хэл зааж байна. Мөн зөвхөн англи хэлний хичээл заахаас гадна бид гадаадын их дээд сургуулиудад хэрхэн элсэх талаар туршлагаасаа хуваалцах юм. Тиймээс энэ төсөл маань маш өгөөжтэй болно гэдэгт итгэлтэй байна.
-МУИС-ийн I курсийн оюутан Б.Ариунзул. Их Британийн их сургуульд суралцахаар хүлээгдэж байна. Энэ хооронд төрөлх сургуулийнхаа есөн хүүхдэд долоо хоногт хоёр удаа англи хэлний хичээл зааж байна. Бид сурагчдаа түвшин түвшнээр нь ялгаж аваад тухайн түвшнийх нь англи хэлийг зааж байгаа.
-МУИС-ийн I курсийн оюутан Д.Молор. Цаашид Хятадын Циньхуа их сургуульд хууль, эрх зүйч мэргэжлээр сурна.
6-11 дүгээр ангийн хүүхдүүдэд англи хэл зааж байна. Онлайнаар хичээл заахад танхимынхыг бодвол хариу үйлдэл хүлээн авах тал дээр сорилт болж байна. Тиймээс хичээлээ үр дүнтэй байлгахын тулд сурагч бүрээсээ асуулт асуухыг хичээдэг. Хүүхдүүдийн анхаарал хандуулах хугацаа 10 минут л байдаг тул тухайн заасан сэдвийн талаар ойлголтыг нь асууж, ярилцаж, анхаарлыг нь төвлөрүүлэх аргаар зааж байгаа.
Мөн өмнөх хичээлээр үг цээжлэх даалгавар өгсөн бол дараагийн хичээлээрээ үг таалгах тоглоом тоглуулах зэргээр хичээлээ явуулж байна. Хүүхдүүд их идэвхтэй байгаа.
Ш.Энэрэл: Японы Васеда их сургуульд улс төр судлал, санхүү бүртгэлийн ангид суралцана. Одоо Япон хэлээ сайжруулахаар хэлний бэлтгэлд явж байгаа. Англи хэлний хичээл зааж байгаа, цаашид дүү нартаа мөн эссэ бичих, мэтгэлцэх ур чадвараа хөгжүүлэхэд нь клубүүдээр нь дамжуулан туслахаар төлөвлөж байгаа.
-Яагаад сургуулиа төгссөн ч гэсэн дүү нартаа хичээл заахаар болов?
Б.Удвал:-Сургуулийн зүгээс бидэнд хүсэлт тавьсан юм л даа, олон шинэ дүү нар орж ирсэн гээд. Коронавирусээс болоод хоёр сар хичээллээд онлайнд шилжсэн тул англи хэлийг нь илүү сайжруулах шаардлагатай байгаа хичээл заах уу гэсэн хүсэлт тавьсан. Бидэнд эхлүүлсэн төслөө сургуулийнхаа дүү нарт цахимаар хэрэгжүүлэх сонирхолтой санагдсан.
Б.Намуун: Би Улаанбаатар Элит сургуулийн 2018 оны төгсөгч. Бээжингийн их сургуулийн 2-р курсын оюутан. Олон улсын харилцааны чиглэлээр сурч байгаа. Ковидоос болоод эх орондоо ирээд хичээлүүдээ цахимаар сурч байгаа. Энд сургууль дээрээ 9-р сараас эхлэн дадлага хийж байгаа.
Б.Тогтохбаяр: Би бас 2018 оны төгсөгч бөгөөд Raffles дээд сургуульд бизнес менежментийн чиглэлээр сурч байгаа. Сургууль дээрээ мөн дадлага хийж байна. Дадлагынхаа хүрээнд дүү нартаа англи хэлний хичээл зааж байгаа.

-”Spark” төслийг өнгөрсөн жил анх санаачлаад хэрэгжүүлж, Өвөрхангай аймгийн сургуулийн хүүхдүүдэд хичээл заасан гэж сонссон. Анх үе тэнгийнхэндээ хичээл заахад ямар байсан бэ?
Ш.Энэрэл: -Энэ төслөө 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Түүнээс өмнө Өвөрхангай аймгийн сургуулийн хүүхдүүдтэй хоёр удаа уулзаад, багийнхан маань хичээлээ 14 хоног заасан.
Д.Молор: -Анх очиход биднээс ч том ангийн хүүхдүүд байсан болохоор бидний хичээлийг анхаарах болов уу, үгүй болов уу гэсэн айдастай байсан. Харин хичээлээ заагаад эхэлсний дараа хүүхдүүд сурах хүсэл маш ихтэй байгаа нь харагдсан. Байнга асуулт асууж, хичээл маань их сонихолтой болсон.
Бидний явахаас өмнө хүүхдүүд бүр өөрийн таалагдсан багш бүртээ захиа бичиж өгсөн юм. Тэр захиан дээр “Өмнө нь гадаад явах боломж надад байхгүй гэж боддог байсан. Харин одоо би хаанаас эхлэхээ маш сайн мэдэж авсан болохоор илүү их сурах хүсэлтэй боллоо” гэх зэргээр бичсэн байсан. Бидэнд ч маш их урам өгсөн.
Б.Ариунзул: -Би англи хэл болон дүрслэх урлагийн хичээл заасан. Хичээлүүдээ аль болох сонирхолтой болгох зорилгоор дүрслэх урлагийн хичээлийг англи хэл дээр нэмж заасан. Суралцсан хүүхдүүдээсээ өөрөө эргээд маш их зүйлийг сурсан.
-”Spark” төслийн үр дүн ямархуу байсан бэ? Энэ төсөл, хүүхдүүдэд сурсан мэдсэнээ заах туршлага Та нарт ямар өөрчлөлт бий болгосон бэ?
Д.Молор: -Тэнд очиход Улаанбаатар хотоос нэг ялгаатай зүйл нь хүүхдүүдийн сурах боломж хязгаарлагдмал байсан. Гэхдээ тэр хүүхдүүд маш том мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө хэдийнээ алхам хийгээд эхэлчихсэн байсан. Үүнийг хараад бид илүү их боломжтой байж бүр их хичээх ёстой юм байна гэж бодсон шүү.
Ш.Энэрэл:-Тухайн үед би эхний уулзалтууд дээр нь очсон боловч хичээл заахаар явж чадаагүй. Гэхдээ яваад ирсэн найзууд маань тэс өөр болсон нь анзаарагдсан. Ер нь их биеэ даасан, өөрт байгаа боломжоо мэдэрсэн, байгаа зүйлдээ талархсан, өөртөө илүү итгэлтэй болсон гэх мэт өөрчлөлтүүд илт харагдаж байсан. Мөн өөрсдийнхөө заасан тухай биш хүүхдүүдээс сурсан зүйлсийнхээ талаар л их ярьж байсан. Ер нь бүгдээрээ илүү зорилготой болсон байсан.

Б.Ариунзул:-Манай ангийн нэг хүүхэд жишээлбэл Өвөрхангай явахдаа нэлээд эргэлзэж байж явсан. Харин Өвөрхангайд 14 хоногийн хичээл дуусаж, буцах болоход сэтгэл нь их хөдөлсөн, энэ төслийг хэрэгжүүлэхээр явсандаа их баярлаж байсан. Дараа нь их сургуулийнхаа эссэний сэдвийн санаагаа ”Spark” төслөөс авсан хэмээн ярьж байсан. Канадын Калгаригийн их сургуульд суралцахаар болсон.
Ш.Энэрэл:-Манай сургуулийн баримталж, сурагчдадаа олгохыг эрхэмлэдэг зарчим бол “хүндлэл, хариуцлага, шударга ёс” юм. Харин бид хариуцлагатай байхын чухлыг ”Spark” төслөөрөө яс махандаа тултал ойлгож авсан.
Д.Молор:-Анх төслийн тухай яриахад огт боломжгүй мэт санагдаж байсан. Ингээд дөрвөн сар бэлдээд, оролдоод, бүтсэний дараа эргэлзэхээ больсон. Одоо бол хийе гэвэл болдог гэдгийг ойлгосон учраас хийх гэсэн зүйлээ хийж чаддаг болсон.
Б.Ариунзул:- Өмнө нь Өвөрхангай явж хичээл заасны дараа хамт явсан манай сургуулийн нийгмийн ажилтан эгч маань “Хүүхдүүд маань зарим багш нарыг ичээхээр л хичээл заалаа” гэж ярьж байсан. Энэ бас бидэнд их итгэл өгсөн. Багш нартаа их баярладаг.
Өөртөө их итгэлтэй болсон шүү. Хүүхдүүдтэй яаж харилцах, хичээл заахад яаж бэлдэх ёстой зэргийг сурч авсан. Одоо ямар ч анги, багийн хичээл, уулзалт цуглааныг удирдаад явчих итгэлтэй, туршлагатай болсон.
Д.Молор:-Хүүхдүүдийг мэдрэх туршлагатай болсноос гадна анги удирдах арга барилыг олж авсан. Одоо их сургуульд сурч байхад зарим багш хэт их нуршуу ярьдаг. Энэ үед нь “ингэж заасан бол сонирхолтой байх байсан даа” гэж харьцуулж боддог болсон шүү. Туршлагатай болсон харагдсан.
-Сая ярьсанчлан сурах боломж хязгаарлагдмал маш олон хүүхэд орон нутагт гэлтгүй Улаанбаатар хотод ч олон байгаа. Төслөө цааш нь үргэлжлүүлэх үү?
Б.Ариунзул:-Тухайн үед бид юу хийх гэж байгаа талаараа эцэг, эхчүүддээ танилцуулах уулзалт хийсэн юм. Тэгэхэд нэг ээж “Та нар ямар чухал ажил эхлүүлж байгаагаа, цар хүрээ нь яаж томрохыг, төслийнхөө үр нөлөөг одоохондоо харж чадахгүй байж магадгүй. Маш том ажил эхлүүлж байна” гэж хэлж байсан. Үнэхээр л тухайн үедээ мэдээгүй байсан. Яг Өвөрхангайд очоод эхний хагас өдрийн дараа л төслийнхөө цар хүрээг мэдэрсэн. Сургуулийнхаа дүү нарт ийм олон нийтийн ажил, төслүүдэд аль болох идэвхитэй хамрагдаж байгаарай гэж зөвлөмөөр байна.
Д.Молор: Хэдийгээр төслөө эхлүүлсэн хоёр жилд коронавирусээс болоод Монгол төдийгүй дэлхий дахин сорилттой тулж, бидний хийхийг хүссэн ажлуудад саад учруулж байгаа ч хэрэгжүүлэх хүслийг огт мохоогоогүй.

Тэр үед бид төслийнхөө цар хүрээг хараад хамтын харилцаатай байдаг гадны сургуулиудтайгаа хамтраад сурах боломжоор хязгаарлагдсан хүүхдүүдэд ч хичээл заах боломжтой юм байна гээд ярилцаж байсан. Германд л гэхэд хоёр жил хүртэл сургууль завсардсан Сири, Афганистан зэрэг улсаас дүрвэгсдийн хүүхдүүд маш олон байдаг. Тэр хүүхдүүдэд ”Spark” төслийн сурагчид маань хичээл заахаар төлөвлөсөн байсан ч коронавирусээс болоод чадаагүй. Хэдийгээр бид санаачилсан энэ ажлаа хамт хийж чадаагүй ч Герман дахь хамтын ажиллагаатай сургуулийнхан маань Монголд эхлүүлсэн бидний төслөөс санаа аваад энэ ажлыг хэдийн эхлүүлсэн гэсэн. Энэ бол ”Spark” төслийн маань бас нэг маш том үр дүн юм. Тиймээс цаашид аль болох олон хүүхдэд боломж олгоно.
Ш.Энэрэл:-Манай сургуулийн “хүндлэл, хариуцлага, шударга ёс” гэсэн зарчим ”Spark” төслөөс урган гарсан гэж болно. Энэ төслөөр хүүхдүүдийн амьдралд би болгосон өөрчлөлтийг үнэлэшгүй юм. Олон хүүхдэд боломж нээж өгснөөрөө тэр хүүхдүүдийн төдийгүй бидний зүрхэнд оч асаасан.
Энэ ташрамд хэлэхэд ”Spark”, MUN зэрэг төслийг хэрэгжүүлж, бидэнд хөгжих боломж олгосон Б.Тамир багшдаа баярлаж явдагаа хэлмээр байна. Бүх зүйл боломжтой гэдгийг бидэнд харуулж өгсөн. Бүхнийг зөвлөж, тусалж, чиглүүлж байсан. Үр дүнд нь бид бусдадаа мэддэг зүйлсээ зааж өгөх боломж бүрдсэн.
Б.Намуун: Хүүхдэд хичээл заана гэдэг үнэхээр гайхамшигтай санагдсан. Мэдлэгээ хуваалцаж, хичээл заана гэдэг үнэхээр их аз жаргал байдаг юм байна. Тиймээс сургуулиа төгсөөд багшлах талаар хүртэл бодогдож байгаа. Энэ боломжийг олгосон сургуульдаа их баярлаж байна.
Д.Молор:-Бидэнд бууж өгөхөд ойрхон үе олон байсан. Тэр болгонд багштайгаа ярихад бууж өгөхгүй даваад гарах талаар зөвлөгөөнүүдийг бидэнд хэлдэг байсан. Цаашид дүү нар маань, сургууль маань энэ төслийг үргэлжлүүлж, илүү олон хүүхдэд боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.
Б.Удвал:- Сургуулийн дүү нар маань энэ төслөөс гадна олон сонирхолтой төслүүд санаачлан зохион байгуулсан байна лээ. ”Spark” төсөл маань “Veloo” сангийн Улаанчулуут дахь хүүхдийн цэцэрлэг дээр үргэлжилж байгаа гэж сонссон. Мөн энэ корона цар тахлын үеээр ”Spark” төсөл цахимаар үргэлжлүүлэхээр болж байгаа гэсэн. Дүү нараараа бахархаж байнаа, төслүүдэд нь амжилт хүсье.







