
Хөгжмийн тунамлыг чихнээ дээжилж, хүний сайныг бодолдоо дурсаж өнөө цагийг эргэцүүлэхүй. Тэр нь Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”. Тунарсан усны мандалд нар гялбалзах шиг ийм аялгуу хэн бүхний сэтгэлийг цэлмээж, хүсэл мөрөөдлийг жигүүрлүүлэх нь гарцаагүй. Гэвч бид эмгэнэлийн мэдээнд дэвсэж ашигладаг. Угтаа сийчих нулимстай бус сэтгэлийн нартай сонсох эгшиг билээ.
Амар амгаланг аялгуу эгшгээс хайн суугаа минь энэ цагийн нийгмийн талаарх ултай бодол руу эрхгүй хөтлөх зөв зам байв. Учир нь хүн гэгч бодол, сэтгэлдээ үргэлж сайн сайхан ирээдүйг хүсэж явдаг. Харин яг хэзээнээс эхлээд монголчууд амны билгээс ашдын билэг хэмээх үгээ таягдан хаясныг үл мэднэ. Чухам улс төр, нийгмийн байдал уруудан доройтох үндэс нь хэрүүл тэмцэл, хар бараан бүхэн рүү хусам долоохоор адган яарах бидний зантай холбоотой байж болох юм.
Сүүлийн жилүүдэд дийлэнх олон маань гэмт хэрэг, осол аваар, хүчирхийлэл зэрэг хар бараан мэдээнд хошуурч, уншиж, тэр хэрээр ч иймэрхүү мэдээ мэдээллийн тоо цахим орчныг дүүргэж байна. Үг, үйлдлийн зөрөө гэдэг шиг нийгмээс, амьдралаас сайхныг олж харахыг уриалдаг, хүртэхийг хүсдэг атлаа буруу жалга руу хийсэж тогтсон хамхуул аятай мугуйд бүхнийг л шүтэх болцгоожээ. Харин хэн ч өөрийнхөө бараан тал руу өнгийж, олон нийт хар бараан мэдээ мэдээлэл, үйл явдал руу хуйларч байгаа талаар хөндсөнгүй. Угтаа бурууг өөрөөс бус өрөөлөөс хайдаг чанар бүгдэд үндэслэсэн.
Муугийн үндэс хүний дотор гүн хавж ургасан бол арилгахад бэрх. Нийгмийн дүр төрх бол иргэн бүрийн ухамсар, сэтгэлзүйн толин тусгал байдаг. Харанхуйд дасах тусам нүд юмсыг тодорхой харж эхлэх боловч гэрэл мөнөөх сүүдэрт залгиулж биднээс алсарсаар байх нь бий. Харин тус харанхуйгаас нэгээхэн гэрлийн тусгалыг олж харах аваас сүүдэр аяндаа нимгэрнэ.
Цагийн зүүгээ ухраагаад харцгаая. Саар бус сайн үйл бүхэн дээр зогсоогоод тунгаая. Өдөр бүхэн уруудаж байгаад нь итгэчихсэн энэ амьдрал чинь угаасаа л эл дол, хатуу зөөлөнтэй шүү дээ. Хатууд нь тэнцэж, зөөлөнд нь шигдэлгүй тогтож байж хүн амьд явдаг. Зүй тогтлоос гадуур зүйлгүйг эрт цагийн нэгээхэн мөчлөгт ойлгосон хэн нэгний айлдсан бошиг нь энэ.
Аливаа бүхэн сайн, муутайгаа сүлэлдэж байж тэнгэр хол, газар хатууд бид тэнцэж үлддэг нь туйлын үнэн. Үнэхээр бид газрын мухарт эсвээс үргэлжийн дайн самуун өрнөсөн улсад амьдарч байгаа юм биш. Хаана гэнэт бөмбөг тэсэрч, хэзээ цагт идэх ургамлын үндэсгүй өлсөж үхэх вэ гэдэг хором бүхэнд тарчилгасан бодол тээж суугаа хүний ертөнцийн зарим орнуудаас хувь илүүтэй амгалан эх оронд аж төрж байна. Иргэн болгон дор бүрнээ хөгжин дэвшиж, өөрсдийн болоод үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, тэгш эрхтэй хөдөлмөрлөж байгаа. Үүнтэй сөрж, маргашгүй.
Цагийн зүүгээ дахин ухраагаад үзье. Амьдрал үргэлж болохгүй, зориглоод хийх үйлгүй, зориод очих хэн нэгэнгүй байснаар үрэгдсэн гэж үү. Хүний амьдрал тийм нимгэн, цаг хугацааны гудас эвхэн дурсахдаа оюун санаагаар туулж хүрэхийн адил ахархан зүйл биш ээ. Тэгээд ч нийгэмд олон эерэг зүйлүүд өрнөж, бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө өвөрлөж, мөнгө нь байгаад хүсэл төрвөл дуртай газраа хүрээд очиж болох ардчилсан нийгэмд аж төрж байна. Эрх чөлөө гэдэг бол бидний шашин. Эртнээс тааваараа нүүдэллэж ирсэн хүн зон хот байгуулж суурин иргэншлийн саравчинд төвхнөсөн ч түүгээрээ итгэл үнэмшлийн хязгаарыг тогтоох боломжгүй. Орон хот минь утаатай, хогтой, олуул асуудал бүхэн дээр талцаж хуваагддаг, ядуу буурай нь үнэн. Гэвч жаахан гэрэл гэгээтэй юмс уншдаг, сайн сайхныг олж хардаг байцгаая. Хэн нэгний амжилтаар бахархаж, бусдаас бурууг хайхаасаа өмнө аливаад шүүлтүүртэй ханддаг соёлд суралцаад эхэлбэл өдөр тутамд чих сонорддог хар бараан бүхэн үргэлж нийгэмд сүүдэр тусгахгүй.
Хамгийн сүүлд гаргасан “Global Peace Index”-ийн тайлангаас үзвэл Азийн хамгийн аюулгүй орнуудын эхний тавдугаар байрт Монгол Улс жагсжээ. Учир нь манайх зэвсэгт мөргөлдөөнгүй, цэргийн дарамт багатай орон. Дэлхийн тэргүүлэх хоёр гүрний дунд оршдог боловч энхийн харилцаатай агаад нийгмийн байдал нь харьцангуй тогтвортой гэж үнэлэгдсэн байна. Энэ бол иргэншлийн нийгмийг бүтээсэн хүн төрөлхтний туйлын хүсэл, зарим орны хэтийн мөрөөдөл. Үүнийг дотоодын нийгэм дэх хэрүүл маргаан, хавар болохоор тэмцлийн хэлбэрт шилжиж төв талбайдаа лоозон хадаж цуглардаг жагсаал цуглаантайгаа холбож ойлгох хэрэггүй. Оюуны спортоор залуус маань дэлхийд гайхагдаж, эв нэгдлийнхээ үнэ цэнийг Азийн топ шоугаар бахдуулж, мэргэжилдээ эзэн байж чадвал ажлын байр нь нээлттэй, хэрэглээд сурчихвал технологиор мандах боломжтой л улс.
Алдаатай систем, авлигын хэрүүлтэй ч бидний туулж буй нийгмийг бүгд туулдаг. Амар тайван оронд ч асуудал хэзээд дундардаггүй. Шидсэн чулуу бүхэн рүү хараал нүүлгэж суухаас илүүтэй аливааг үзэх өнцгөө ондоошилд тушаавал цэнгэлийн манлай гэдэг нь тэр.
Тэгээд ч бид түүхийнхээ үнэний хувьд бусдын гараар бүтээсэн ч гэлээ өөрсдийн хоттой улс. Гэвч залуус нь бүгд хаяад явах хүсэлтэй. Мэдээж хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг сайн. Магадгүй бусдын юманд хайнга ханддаг зан нь өв соёл шиг цусанд нь уламжлагдсан болохоор тэр байж ч мэдэх. Харин энэ хотдоо нэг л өдөр нүүгээд явчихдаг нүүдэлчин араншин шигээ хоноцын сэтгэлээр хандахгүй байх аваас л хөгжлийнхөө хурдыг ганцхан түгжрэлд тушуулчихсан мэт нийтээр эргэх бухимдлын тойргоос аврагдана. Сэтгэл судлаачид “negativity bias” буюу хүний тархи элдэв сөрөг мэдээллийг хүлээн авахдаа эерэг үйл явдлаас илүүтэй хар бараан юмст тун хурдан хариу үйлдэл үзүүлдэг болохыг хэдийнэ нотолчихсон.
Өөрөөр хэлбэл, осол, гэмт хэрэг, дайн самуун, айдас төрүүлэм үйл явдлын мэдээлэл ухамсрыг ямар нэгэн шүүлтүүр хийх боломжгүйгээр шууд бүрхэн авдаг. Үүнийг цахим орчны алгоритмд бусад нь тун овжин ашиглах болоод удсан. Хүн гэдэг амьтан дийлэнхдээ ашиглуулж амьдрах гэдэг зантай. Өөрөө хариуцлага хүлээж, өрөөл бусдад гэрэл тусгахдаа арвич болдог. Байгалийн зүйл биш учраас хүний занг өөрчилж болно. Гэхдээ энэ нь бусдын сургаал номлолоос шүүрэхдээ бус өөрийн харах өнцгийг л ондоошуулах явдал гэдгийг дахин сануулъя.

Бидний нийгэм бол цаг наргүй, хөдөлмөрлөн зүтгэж байгаа хүмүүс нь дийлэнх нийгэм. Малчид нь малынхаа хойноос, сууринд төвхнөсөн нь ажлынхаа араас зүтгэнэ.
Зүтгэнэ гэдэг урагшлахын нэр. Хөгжил нь тулаад яахаа мэдэхээ больчихсон хөгшин Европыг бодвол бид хөдөлмөрлөж, хийж бүтээх хүслээр дүүрэн залуу үндэстэн.
Төсөв, цаг хугацаа хоёртоо багтааж үндэстний хэмжээний асуудлыг хэрхэн шийдвэрлэж чаддаг итгэл даасан сэхээтнүүд болохоо Мянганы сорилтын сангийн хамт олон ус цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын хөтөлбөрөөрөө харуулж чадсан. Он гарснаар тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмсэн. Чухам асуудал бүрэн шийдэгдсэн үү гэдэг нь энд хөндөх сэдэв биш. Гол нь төр ч бас иргэдээ хөл хөсөр, гар хоосон хаячхаагүй. Хоёрхон жилийн өмнө Орфей театр эрх баригч намынх нь байр дотор улс төрийн хамгийн хурц, дистопи роман болох Оруэллийн “1984” бүтээлээс сэдэвлэсэн жүжгийг тоглосон. Бодоод үзвэл эрх чөлөөний тухай ойлголт Монголд харьцангуй өндөр байгаа гэдгийг энэ жишээнээс эрүүл ухаанаар дүгнэж болно.
Хамгийн гол нь нэг зүйл тодорхой. Цаг хугацаа гэдэг дээрэмчин болж бүтэж байгаа бүхнийг заримдаа ор тас үгүйсгэж, амьдрал эргээд л шувтарсан цагаан бумбадаа буудаг. Үүнийгээ дагаад элдэв бараан мэдээлэл олширч, хүмүүс тэдгээрийг уншиж, сайн, мууг нь дэнслэн бухимдаж байх зуур шинжлэх ухааны ололт, боловсролын талаарх ойлголт, нийгэмд эерэг хандлага түгээсэн бүхэн аажмаар бүдгэрнэ. Үр дүнд нь бид нийгмээ мөнөөх л хар бараанаар төсөөлж, өөрсдийн аж төрөхүй болоод бусдын оршихуйг ч давхар үгүйсгэж, үзэн ядаж эхэлнэ. Ингэж бид өөрсдөө хар барааныг “тэжээж”, түүндээ автаж буйгаа анзаардаггүй. Гол нь ахин эхлэх, үргэлжлүүлэн сайн сайханд итгэх, болж бүтэж байгаа юмсаа илүүтэй онцлох сонирхол хэнд ч алга. Сайн нь цагийн саадыг давж хожим сайхан түүх болж үлддэг. Тийм гэрэлтэй, эерэг зүйлсийг бид одоо цаг дээр үнэлж байх нь чухал.
Ирээдүй гэдэг тийм ч алсын төсөөлөл бус бөгөөд ердөө л бидний маргааш, одоо цагийн дараах руу хөтлөх цагийн зүүний агшин хором бүр билээ. Тэнд юу тарьж, юуг хураах нь бидний сонголт. Үг, үйлдлээс хамаарч бодит болдог амьд процессыг иргэншил, нийгэм гэж нэрлэдэг. Харин нийгэм дотроо олон янз. Бид хэрэглээнээс хамааралтай нийгэмд аж төрдөг. Хэрэглээнээс үүдэж мах, түлшний үнийн өсөлтийн талаар жил бүр хоорондоо хэмлэлдэнэ. Бүтээсэн нийгэм нь хэрэглээнийх учраас онолын хувьд түүндээ залуурдуулж аж төрөх нь жам. Зөнгөөрөө урсаж байгаа юмсын голдирлыг заримдаа шинэтгэх шаардлагагүй. Харин хүн өөрчлөгдөж болно.
Урин хаврын тэнгэр умрын салхийг хураан залаад цэлмэжээ. Ийм тэнгэрийн саруулхан ахуй доор ая эгшгийн сайхнаар мэдрэмжээ хөглөн суухуйд амьдрах итгэл дүүрэн байна. Түүн дотор эх орныхоо ирээдүйд итгэх итгэл ч багтана. Эсгэсэн шарх эдгэж, эмтэрсэн итгэл сэргэх юутай сайхан. Халих шахсан бодлуудаа ч дундлав. Хэрхэн доторлох нь уншигч таны хэрэг.