“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг шалгагдаж буйч одоогоор ажлын хэсгээс ахиц гарсан эсэхнь тодорхойгүй байгаа.
Эл хэргийг Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг шалгаж буй. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн төрсөн өдөр энэ сарын 6-ны өдөр тохиожээ.
Энэ өдөрт зориулан түүний аав Ж.Төмөрсүх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийн бичжээ.
Тэрээр “Миний хүүгийн энэхүү ХӨЛС бол алдарт Тост,Тосонбумбын нурууг ард иргэдэд үлдээх, хайртай цоохор ирвэс, ижил дасал болсон аргаль, янгируудаа аврахын тулд асгаруулсан ясны, сэтгэлийн, ажилсаг чанарын эх оронч хөлс байсан. Тийм ч учраас хүүгийн минь төрсөн энэхүү дөрөвдүгээр 06-ны өдөр Монгол Улсын УИХ-ын БОХХАА-н байнгын хороогоор Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал хэлэлцэхээр цаг хугацаа давхцан тохиож байгаа нь их л учир тавилантай болж байна гэж бэлэгшээн нэг ч гэсэн хүсэл зорилго нь биеллээ олно гэдэгт найдаж байна. Энэ нь Монгол төрийн, Монголын ард түмний том бэлэг болно. Та бүхэн сэтгэлээсээ дэмжээрэй.Эх оронч хүүгээ бид мартах учиргүй түүний хорвоод мэндэлсэн энэ өдөр ганц хүсэл нь ч болтугай биелж амар амгалангийн орондоо тайван нойрсог.Хууль батлагчдын сонорт хүртэл Шэйр! Шэйр” хэмээн бичсэн байна.
Дашрамд, УИХ-ын хаврын чуулганаар талийгаачийн ажиллаж байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.