Оюутны суралцах боломжийг нэмэгдүүлж, дээд боловсролын чанар, стандартыг сайжруулах зорилгоор 2018 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас “Оюутан хөгжлийн зээл” олгож эхэлсэн билээ. Гэвч энэ намар сургалтын зээл олгохгүй удааширсан учир зээлээр суралцаж буй оюутнууд хичээл сонголтоо хийж чадахгүй, завсардах нөхцөл үүссэн. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сангийн яамнаас коронавирустэй холбоотойгоор санхүүжилт олгохгүй байна” гэх хариулж байв.
Санхүүжилт орж ирээгүй гэх шалтгаанаар зээл олгох хугацаа удааширсан учир зарим сургууль дотооддоо зохицуулалт хийж, оюутнуудад хичээлээ судлах боломж олгосон билээ. Тухайлбал, МУИС-д оюутан хөгжлийн зээлээр суралцдаг оюутнууд өнгөрсөн улиралд зээлийн гэрээ хийж, хичээлээ сонгож үзсэн. Гэвч сургуулийн захиргаа нь хэрэв Боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж ирэхгүй бол ирэх улиралд сургалтын төлбөрөө нөхөж төлөх шаардлага тавьсан байна.
2020 онд Оюутны хөгжлийн зээлийг 11 мянга гаруй оюутанд олгоно гэж тооцоолж байсан. Гэвч ердөө 5000 гаруй оюутанд буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сурч байгаа залууст л зээл олгох шийдвэр саяхан гарсан. Тодруулбал, 2020 - 2021 оны хичээлийн жилд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-д багтсан мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нийт 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон билээ. Тиймээс өмнөх улирал зээлийн гэрээгээр суралцсан оюутнууд энэ улиралд хоёр семестрийн төлбөр зэрэг төлөхөөр болжээ.
Тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг ямар шалгуураар сонгосон тухай болон зээлийн гэрээ байгуулсан оюутнууд зээлсэн мөнгөө хэзээ төлөх шаардлагатай талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой холбогдох тодруулахад “Би хариулах боломжгүй байна” гэх хариулт өгсөн юм.
Оюутны хөгжлийн зээлд хамрагдах шалгуур үзүүлэлтийг биелүүлсэн оюутнууд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаггүй гэх шалтгаанаар зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь "Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын олон заалтыг зөрчиж буй хэрэг юм.