
Монголын сагсан бөмбөгийн ертөнц хэрүүл, тэмцэл ихтэй байгаа. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбооноос /МСБХ/ гадна Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ гэж бий. Дээрх хоёр холбооны удирдлагуудын хувьд хоорондоо зөрчилдөж, байнга л хоёр биенээ чичилж байдаг гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд л гэхэд Монголын сагсан бөмбөгийн холбооны лого, тэмдгийг ашиглан хурал зохион байгуулж, /МСБХ/-ны тэргүүлэгч гишүүд болсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хэвлэлийн хурал зарлаж, ээлжит бус чуулганаа гуравдугаар сарын 6-нд хуралдуулах болсон тухайгаа зарласан.
Харин энэ үед Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ мэдэгдэл гаргаж, энэхүү хурлыг нь хүчин төгөлдөр бус хэмээгээд MBA хурлыг хэсэг бүлэг хүмүүсийн хэнд нь ч зохион байгуулах эрх зүйн чадамж байхгүй тухай мэдэгдсэн. Тэгвэл үүний дараа өнөөх хурал нь болж, нэр бүхий хүмүүсийг МСБХ-ны удирдлагаар сонгосон байдаг. Харин эл асуудлыг одоо хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа аж.
Дээрх хууль бус гэгдсэн чуулганаас шинээр томилогдсон гэх хүмүүс өнгөрсөн гуравдугаар сарын 5-наас “Ахмадын супер лиг” нэртэй тэмцээнийг Хандгайтад байрлах “Олимпийн ордон”-д эхлүүлжээ. Гэвч уг тэмцээний үеэр хөнгөн атлетикийн гавьяат тамирчин н.Баттулга нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тэмцээн Улаанбаатар хотын төвөөс 20 километрийн зайд байх МҮСБХ-ны “Олимпийн ордон”-д болжээ. Тиймээс бид хэргийн мөрөөр Хандгайтын аманд байрлах шинэхэн ордонг зорилоо.
Эл ордонг С.Эрдэнэ сайд өөрийн эцэг Д.Содномзундуйнхаа гэгээн дурсгалд зориулан өнгөрсөн онд босгосон гэнэ. Ерөнхийдөө энэ хэсгийн барилга, байгууламж УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнийн эзэмшил гэдэг.

Шинэхэн баригдсан зургаан давхар хоёр орон сууцны чанх хажууд “Олимп-1” зочид буудал болон “Тамир” амралт сувиллын газар түүнтэй залгаад шахуу МҮСБХ-ны “Олимпийн ордон” баригджээ. Мөн ардхан талд нь “Олимп-2” зочид буудал байрлана.
-Олимпийн ордны ажилчид хүн барсныг мэдээгүй гэв-
Ингээд мэдээлэл авахаар “Олимп ордон”-д ортол хоёр үйлчлэгчээс өөр хэн ч тус зааланд байсангүй. Тэднээс болсон явдлын талаар лавлахад “Тэмцээн болсон нь үнэн. Одоо ч болж байгаа. Харин хүн нас барсныг мэдэхгүй байна” гэх бүрхэг хариултыг өглөө.

Тиймээс барилгын гадна талбайд ажиллаж байсан хэсэг хүмүүс дээр очтол мөн л “Мэдэхгүй. Харин сагсны тэмцээн болсныг мэднэ” гэв.
Харин “Тамир” сувилал руу амрагчдыг даган орж, албаны хүн сураглахад заалны зохион байгуулагч нь амралтаа авчээ. Ингээд түр хариуцан ажиллаж байгаа гэх эмэгтэй ажилтнаас учрыг тодруулахад “Тэмцээний үеэр хүн нас барсан нь үнэн. Гэхдээ хамт тоглож байсан хүмүүс нь эмнэлэг рүү аваад явсан” гэхээс өөрийг хэлсэнгүй.
Эх сурвалж тоглолтын үеэр эмч байгаагүй. Харин сувиллын нэг эмч л байсан.
Эндээс нэг асуулт өөрийн эрхгүй анхаарал татав. Тоглолтын үеэр ялангуяа, ахмад тамирчид удаан хугацаагаар тэмцээнд оролцож байх үед эмч, эмнэлгийн тусламж үзүүлэх баг байсан эсэхийг лавлахаар хэд хэдэн хүнээс тодрууллаа. Энэ тухай дээрх эмэгтэй “Манайх гурван эмчтэй. Тоглолтын үеэр байнга байдаг” гэх хариулт өгсөн юм.
Харин өөр хэд хэдэн эх сурвалж тоглолтын үеэр эмч байгаагүй. Харин сувиллын нэг эмч л байсан гэв.
-Талийгаачийг эмнэлэг авч явах замд өөд болсон гэв-
Тиймээс бид энэ асуудлаар тэмцээн зохион байгуулагчдын төлөөлөл Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа гэх, МУИС-ийн багш Ц.Цэвэрбалтай холбогдлоо. Тэрээр “Хөнгөн атлетикийн гавьяат тамирчин н.Баттулга гуай 70 гарсан хүн байсан. Зүрхний титэм судас нь нарийссан гэх өвчтэй байсан гэх яриа байсан. Тоглож байх үедээ нас бараагүй. Тоглолт дууссаны дараа гэнэт бие тавгүй байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд эмч дуудаад тариа хийж, анхан шатны тусламж үзүүлээд хотын төвийн эмнэлэг рүү тамирчид маань авч явсан. Гэвч Долоон буудлын ойролцоо өөд болсон гэсэн” гэх мэдээллийг өглөө.
Тоглолтын үеэр эмч байнга байдаг гэх хариултыг өгсөн бөгөөд МҮСБХ-той хамтарч ажиллахаар болсон
Мөн тэрээр тоглолтын үеэр эмч байнга байдаг гэх хариултыг өгсөн бөгөөд МҮСБХ-той хамтарч ажиллахаар болсон гэлээ. Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны хуучин удирдлагуудын зүгээс хууль бус хурал зарлаж, шийдвэр гарган улмаар лого, нэрийг ашиглан энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгааг хэлж байна.
“Ахмадын супер лиг” одоо ч үргэлжилж буй аж. Ирэх амралтын өдрүүдэд эцсийн шатны тэмцээн явагдаж аваргуудаа шалгаруулах юм байна.




