Боловсролын зээлийн сан зээлийн гэрээгээ зөрчсөн үйлдэл гаргасан гэв

Боловсролын зээлийн сангаас оюутнуудад хүүгүй зээлээд ажлын байр дээр гарсан хойноо төлөх боломжийг нь бүрдүүлж өгч байсан. Гэвч өнгөрсөн хавар болон энэ намар сургалтын төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас гаргах боломжгүй болсон юм. Иймд олон оюутан төлбөрийн өртэй гэсэн шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүй мөн сургуулиасаа жилийн чөлөө авах дээрээ тулаад байна.

2020 онд Оюутны хөгжлийн зээлийг 11 мянга гаруй оюутанд олгоно гэж байсан.  Гэвч ердөө 5000 гаруй оюутанд буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сурч байгаа оюутанд  олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор өмнө нь гэрээ хийж авсан зээлийн санхүүжилт нь олгогдохгүй болсон оюутнууд сургалтын төлбөр нь өр гэж цахим системд нь тэмдэглэгджээ.

-Хэрвээ шалгалтын дүнг тооцохгүй бол кредитээр нь тооцон дахин өрөнд орон гэсэн үг-

МҮИС-ийн III курсийн оюутан О.Чамин-Эрдэнэ “Сургуулийнхаа санхүүгийн албанаас есдүгээр сард хичээл эхэлснээс хойш асуусан. Эхний ээлжинд  сургуулийн санхүүгийн алба одоохондоо Оюутан хөгжлийн зээлийн материал аваагүй байгаа. Бидэнд мэдээлэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа болохоор түр хүлээж бай гэсэн. Сүүлд коронавирусээс болоод онцгой байдал зарлахаас өмнө Оюутан хөгжлийн зээлийн санхүүжилт орохгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Зээл хоёр хувааж орж ирдэг. Өнгөрсөн хавар болон одоогийн өр гээд  нийтдээ 2 сая 295 мянган төгрөгийн өртэй байна. Арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл төлбөрийнхөө 70 хувийг төлөөгүй тохиолдолд  шалгалтад оруулахгүй гэсэн. Шалгалтад орсон ч шалгалтын дүнг тооцохгүй гэсэн. Хэрвээ шалгалтын дүнг тооцохгүй бол кредитээр нь тооцон дахин өрөнд орно гэсэн үг.

Төгсөх курсийн оюутнуудын хувьд ч ялгаагүй Боловсролын зээлийн сантай гэрээ хийж авах байсан санхүүжилт нь олгогдоогүй учраас сургуулиа төгсөж чадахгүйд хүрээд байна.

-Нийт зээлэнд хамрагдсан оюутнуудад 2020-2021 оны намрын хичээлийн жил эхлэхээс долоон хоногийн өмнө өр болж орж ирсэн-

ШУТИС-ийн БУХС-ийн IV курсийн оюутан А.Ундраа “Нийт зээлэнд хамрагдсан оюутнуудад 2020-2021 оны намрын хичээлийн жил эхлэхээс долоон хоногийн өмнө өр болж орж ирсэн байгаа. Ингээд сургуулийн захиргаанаас өгсөн шаардлага нь өрөө төл, энэ жилийн төлбөрөө төл, эсвэл энэ жилйин төлбөрийнхөө талыг төлөөд өрөө заавал төл гэсэн. Үүнээс үүдээд олон оюутан сургуулиасаа чөлөө авсан. Өнгөрсөн хугацаанд төлбөрийн зээл олгогдох тухай яригдаж байсан ч зөвхөн эрэлттэй мэргэжилд олгогдоно гээд бусад оюутнууд нь орхигдсон. Миний хувьд өнгөрсөн семестерт нэг сая 600 мянган төгрөгийн зээл авч суралцсан. Энэ семестерт нэг сая 700 мянган төгрөг. Тиймээс би одоо 3 сая 300 мянган төгрөгийн өрөө төлж байж шалгалтдаа орох нөхцөл үүсээд байгаа. Уг нь зээлийн заалтдаа сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дотор төлж барагдуулах гэсэн  заасан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр Боловсролын зээлийн сан зээлийн гэрээгээ зөрчсөн үйлдэл гаргаад байгаа” гэв.

Оюутны хөгжлийн зээлд хамрагддаг оюутнууд  олон. Жишээлбэл, оюутны дотуур байрны нэг өрөөнд амьдардаг дөрвөн оюутны гурав нь Оюутны хөгжлийн зээлд хамрагдан суралцдаг байна.

Коронавирустэй холбоотойгоор айл өрийн орлого буурсан энэ үед арванхоёрдугаар сарын дундуур болох шалгалтаасаа өмнө төлбөрөө төлнө гэдэг хэцүүхэн асуудал болжээ.

-Дараагийн семестрээс бид төлбөрөө төлж чадахгүй бол сурах эсэх нь тодорхойгүй-

СЭЗИС-ийн III курсийн оюутан Г.Мөнхсаруул “Миний хувьд илүү төлбөр өндөртэй хөтөлбөрөөр суралцдаг. Нэг семестер нь 5 сая 300 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл миний тэр өр систем дээр гарч ирснээс болоод сургуулийнхаа системд нэвтэрч чадахгүй ямар хичээл дээр ямар дүн авч явж байгаагаа харах, хянах боломжгүй байдалтай байна. Хичээл эхэлж байхад оюутнууд бүгд хичээл, сургалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй болсон. Сургуулийн зүгээс эхний ээлжинд өр тавиад ч болов өөрсдөө төл. Зээл чинь орж ирсний дараа төлсөн мөнгийг чинь буцааж олгоно гэдэг байр суурин дээр байсан. Гэтэл оюутнууд зээл аван төлбөрөө аргалаад төлөөд сургалтаа үргэлжлүүлэхэд сургуулийн зүгээс тэр төлбөрийг буцааж өгөхгүй гэсэн. Тэр оюутнууд тухайн зээлсэн мөнгөнийхөө өрөнд унаж байна. Цар тахлын үед эцэг эх нь зээлийг нь төлөх боломжгүй байгаа. Угаасаа зээл авдаг байсан оюутнуудын хувьд олон оюутан хүүхэдтэй айлын хүүхдүүд юм уу, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүд байдаг. Тэдгээр хүмүүст илүү их ачаа үрүүлэн төлбөрийн дарамт үзүүлж байгаа. Одоо цар тахлын үед оюутны байранд байгаа бидний хувьд гэхэд л гэр рүүгээ хэзээ харих нь тодорхойгүй хүлээж байна. Дараагийн семестрээс бид төлбөрөө төлж чадахгүй бол сурах эсэх нь тодорхойгүй. Маш тодорхойгүй байдалд гарцгүй болоод яахаа мэдэхгүй байна” гэлээ.

Боловсролын зээлийн сангаас энэ талаар тодруулахад 2021 онд улсын төсвөөс 31 тэрбум төгрөгийг Оюутны хөгжлийн зээлд төсөвлөсөн. Улмаар цар тахалтай холбоотойгоор төсвийн тодотгол хийхэд энэ мөнгөн дүн гурав дахин буурч 10 тэрбум төгрөг болсон. Үүнээс 7.6 тэрбум төгрөгийг 5066 оюутанд олгохоор болжээ. Ингэхдээ тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сурч байгаа оюутанд л олгоно. Харамсалтай нь энэ мэдээллийг оюутнууд өгөхөөсөө өмнө Боловсролын зээлийн сантай гэрээ хийж өнгөрсөн хавар хичээлээ судлаад санхүүжилт нь орж ирэхийг хүлээж байсан мөн энэ намар дахин зээл авахаар хүлээж байсан оюутнууд хохирч үлдээд байна. Цар тахлын үед төсвөө танах нь байж болох асуудал ч улс орны ирээдүйг авч явах боловсролын салбараас иймэрхүү байдлаар төсөв танасан нь олон оюутан сурч чадахгүй хичээл завсардах нөхцөл байдлыг үүсгээд байна.