
Оскарын шагналт, баримтат кино найруулагч Алекс Гибнигийн "Musk" бүтээл Венецийн 83 дахь кино наадамд ддэлхийн нээлтэй хийж, кино урлагийн хүрээнд томоохон шуугиан дэгдээв.
Дөрвөн цаг орчим үргэлжлэх тус бүтээл Венецийн “Venice Open – Out of Competition” хэсэгт багтсан байна. Найруулагч Гибни өмнө нь “Enron: The Smartest Guys in the Room”, “The Inventor: Out for Blood in Silicon Valley” зэрэг бүтээлээрээ эрх мэдэл, бизнесийн ертөнцийн томоохон дүрүүдийн далд механизмыг судалж байсан бол энэ удаад дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн бизнес эрхлэгчдийн нэг Илон Маскийн өсөлт, эрх мэдэл, улс төрийн нөлөөллийг баримтат киноныхоо гол сэдэв болгожээ.
Гибни, Илон Масктай ярилцлага хийж чадаагүй бөгөөд найруулагчийн хэлснээр киноны ажил эхлэхэд түүнтэй ойр ажиллаж байсан олон хүн Маскийн талаар камераар илэн далангүй ярихаас эмээж байжээ. Иймээс найруулагч түүний хуучин эхнэр Жастин Маск, өмнөх хамтрагч Эшли Сент-Клэр, сэтгүүлч Кара Свишер, “Tesla”-гийн хамтран үүсгэн байгуулагч Мартин Эберхард, хиймэл оюун ухааны нэрт судлаач Жеффри Хинтон зэрэг хүмүүсийн ярилцлага, архивын материал, баримтуудыг ашиглан Маскийн хөргийг бүтээсэн байна.

Түүнчлэн Маск өөрөө оролцоогүй нөхцөлд түүний өмнөх мэдэгдлүүдэд тулгуурласан хиймэл оюун ухааны дуу хоолой, дижитал дүрслэл ашигласан нь киноны хамгийн анхаарал татсан уран сайхны шийдлүүдийн нэг болжээ.
“Musk” кинонд зөвхөн тэрбумтны намтрыг өгүүлэхээс илүүтэйгээр технологийн эрх мэдэл, улс төр, олон нийтийн мэдээлэл зэрэг нь нийгмийн амьдралд ямар хэмжээнд нөлөөлж болох вэ гэх асуултыг хөнджээ. Гибни, Маскийн "Zip2", "PayPal"-аас эхэлсэн замнал, "Tesla", "SpaceX", "Twitter"-ийг худалдан авсан үйл явдал, улс төрийн оролцоо болон олон нийтийн платформ "X"-ээр дамжуулан бий болгосон нөлөөг нь нэгэн цул хөрөг болгон харуулжээ.
Венецийн нээлтийн дараа найруулагч Маскийн тухай өөрийн анхны төсөөлөл хэрхэн өөрчлөгдсөнөө ярьж, түүнийг “орчин үеийн Леонардо да Винчи” гэх домогт хөргөөс нь салган харахыг зорьсноо онцолсон байна. “Musk” киног аравдугаар сарын 16-наас театруудаар гаргахаар төлөвлөжээ.