
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Н.Учрал авлигын эсрэг эрх зүйн эрүүл хөрс орчин бүрдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн түшээдийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, төрд итгэх ард түмнийхээ итгэлийг сэргээх нь урьд урьдаас илүү чухал болоод байгааг онцолсон. Тиймдээ ч Улсын Их Хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснээ дурдав. Энэхүү хуулийг баталснаар иргэдийн төрдөө итгэх итгэл, парламентад тавих хяналт, оролцоо нэмэгдэж, улс төрийн нам, эвсэл, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчдэд тавих төрийн босго шаардлага өндөрсөх ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд сөрөг хүчний улс төр идэвхжлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Н.Учралыг Их хурлын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Иймд Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэв. Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн дээр МАН-ын гишүүд нэмэгдэж чуулганы ирцийг бойкотлов. УИХ-ын дарга пүрэв гарагт чуулганы ирц бүрдүүлэх гэж цаг гаруй оролдоод үр дүнд хүрэлгүй, нэгдсэн хуралдаан хойшилсон.
Геополитикийн нөхцөл байдлаас хүндэрч болзошгүй эдийн засгийн хүндрэл, түлш эрчим хүчний хангамж, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж, татварын орчныг сайжруулах олон асуудал шийдлээ хүлээх зуур парламентын ажил ийнхүү эхлэл дээрээ гацаанд орлоо.
Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнөөр Г.Занданшатарын танхим суудал сэлгэх шаардлагатай болов.
МАН-ын Удирдах зөвлөл Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлсэн бол эрчим хүчний салбарыг ХҮН нам хариуцуулж УИХ-ын гишүүн Б.Найдалааг сонгох хувилбар яригдаж байна.
Засгийн газрын гишүүдийн чөлөөлж, томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч парламентын гацаанаас шалтгаалж түр хойшилоод байна.
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулжээ. Ингэснээр 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15.000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай боллоо. АНУ-ын засаг захиргаанаас гаргасан “Визийн бонд” хөтөлбөрт өмнө нь Африкийн 38 улс багтаж байсан бол 12 улсыг шинээр нэмж оруулсаныг нэг нь Монгол Улс болж буй.
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр дээрх асуудалтай холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзжээ.
Уулзалтын эхэнд Монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын стратегийн гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хэлэлцээрийн явцад салбарын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлахаа мэдэгдэв.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн "Тавигдаж байгаа гол асуудал бол эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлс нь ажиллах орчны хүнд нөхцөлд үнэхээр хангалтгүй байна гэдгийг хөндөж байгаа. Өмнө нь 2020, 2021 онуудад ч энэ талаар хандаж байсан боловч тухайн үедээ гал намжаах байдлаар хандаж ирсэн. Өдгөө бол цалин хөлснөөс гадна тухайн салбарын хүний нөөц, хүний нөөцийн боломж, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж байгаа"
ДЦС 4-ын Үйлдвэрчний хороон дарга Н.Ган-Эрдэнэ "ДЦС 4 нь төвийн бүсийн эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Энэ өвөл станцад доголдол гэмтэл гарны улмаас нийслэл даяараа тогны хязгаарлалтад орж, ямар хүндрэл үүсэж байсныг та бүхэн мэднэ. Бид орчин нөхцлөө сайжруулах хэлэлцээрийн хүрээнд ажил олгогчтой тохиролцож чадаагүй, Эрчим хүчний яамнаас бидний тавьсан шаардлагыг боломжгүй талаар саналын зөрүү үүссэн учраас бид хуульд заасан эрхийнхээ дагуу зуучлагч оруулж, зуучлалын түвшинд асуудлаа шийдэхийг хүссэн боловч шийдвэрлэж мөн л чадсангүй. Өвлийн ид ачааллын үед зуух зогсоход 60-70 градусын халуунд шууд орж ажилладаг. Цэнхэр каскаа хайлтал халуун нөхцөлд ажиллаж, гэмтлийг устгадаг. Иймд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялтад нэгдэх болно" гэлээ.