
Францын Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийх, санхүүжилт нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн ч оюутан, сурагчдын төлөөлөгчид эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Жагсаалд үйлдвэрчний эвлэлүүд болон бусад хөдөлгөөний идэвхтнүүд нэгдсэнээр Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газарт үзүүлэх дарамт нэмэгдэж, улс орны эдийн засагт учрах хохирол улам гүнзгийрч байна.
Засгийн газраас санал болгосон арга хэмжээнд ахлах сургуулийн зарим ангийн сурагчдын тоонд дээд хязгаар тогтоох, сургуулиудын барилгыг шинэчлэхэд зориулж дөрвөн тэрбум евро буюу 4.5 тэрбум ам.долларын зээл олгох, мөн сурагчдын үзэж буйгаар нийгмийн хувьд шударга бус их, дээд сургуульд элсүүлэх тогтолцоог 2028 он гэхэд солих зэрэг амлалт багтжээ.
Ахлах сургуулийн сурагчдын төлөөлөгчдийн нэг Луи Летублон Парис хотноо Засгийн газрын албан тушаалтнуудтай уулзсаны дараа “Бидний бүх шаардлагыг хүлээн аваагүй. Тиймээс шаардлагатай хугацаанд эсэргүүцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
Анх боловсролын салбарын асуудлаас үүдэн эхэлсэн жагсаалд үйлдвэрчний эвлэлүүд болон шар өнгийн гэрэл ойлгогч хантаазаар танигдсан “Шар хантаазтан” хөдөлгөөний идэвхтнүүд нэгдсэн нь парламент дахь олонхын дэмжлэггүй Макроны Засгийн газрын хувьд томоохон сорилт болжээ.
Францын улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 120 хувьд дөхөж байгаа тул Засгийн газар төсвийн зарлагаа нэмэгдүүлэх замаар эсэргүүцлийг намжаах боломж хязгаарлагдмал байна. Үүний зэрэгцээ нийгмийн эмх замбараагүй байдал ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэт барууны үзэл баримтлалтай Марин Ле Пенийг дэмжих хандлагыг нэмэгдүүлж байгаа аж.
Засгийн газрын санал болгосон багц арга хэмжээнд их, дээд сургуулиудын хотхонд нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх, оюутны тэтгэлгийг инфляцын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, дээд боловсролын байгууллагуудад суралцах нэмэлт 15 мянган орон тоо бий болгох зэрэг арга хэмжээ мөн багтжээ.
Францын Боловсролын сайд Эдуар Жефре хэвлэлийн бага хурлын үеэр “Боловсролын тогтолцоонд үүссэн дарамтыг бууруулах шаардлагатай байгаа нь тодорхой” гэж мэдэгдсэн байна.
Гэхдээ эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт хэдий хэмжээний санхүүжилт шаардагдахыг Засгийн газар тодорхой мэдээлээгүй байна. Тус улсын зээлийн өндөр хэрэгцээ ирэх оны төсвийг батлах асуудлаарх улс төрийн хэлэлцээг аль хэдийн хүндрүүлээд байгаа юм.
Оюутан, сурагчдын бухимдлаас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ес хоногийн өмнө Францын олон арван хотыг хамарсан хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд хүрсэн ч намжих шинжгүй байна. Тухайн үйл явдлын дараа төрийн эрх баригчид гудамж талбай дахь нөхцөл байдалд тавих хяналтаа алдсан байж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгджээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх амралтын өдрүүдэд дахин эмх замбараагүй байдал үүсэж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн арван нэгдүгээр сарын 5-нд улс орон даяар илүү өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар товложээ.
Макрон өнгөрсөн бямба гарагийн жагсаалын дараа Марсель хотод учирсан хохиролтой танилцаж, онцгой байдлын алба хаагчдад талархал илэрхийлэх үеэрээ аюулгүй байдлын арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, жагсаал цуглааныг хотын төвөөс зайдуу зохион байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгджээ.