
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Intel Extreme Masters Beijing 2026" тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж, аваргаа тодрууллаа. Манай улсын "The MongolZ" баг Европын "MOUZ" багтай тоглож, 0:3 онооны харьцаатай хожигдож, дэд байр эзлэв. Улмаар 210 000 ам.долларын шагнал хүртлээ.
Түүнчлэн "The MongolZ" багийн хувьд урт хугацааны уналтын дараа томоохон тэмцээний аваргын төлөө тоглосон нь онцлог байв. Учир нь тэд зургаадугаар сард зохион байгуулагдсан зуны дэлхийн аваргын дараа хоёр шинэ тамирчны бүрэлдэхүүнтэйгээр гурван томоохон тэмцээнд оролцсон боловч сайн амжилт үзүүлж чадаагүй юм.
Үүнээс шалтгаалан долоодугаар сард дэлхийн чансааны шилдэг 15-т бичигдэж байснаа доошилж эхэлсэн билээ. Харин уг тэмцээний дэд байрт шалгарснаар дэлхийн чансааны есдүгээр байрт бичигдэж дэлхийн шилдэг 10 багийн тоонд эргэн орж ирлээ.
Ийнхүү "The MongolZ" багийн хувьд 2027 оны хоёрдугаар сард зохиогдох тэмцээнүүдэд урилгаар оролцох боломж нэмэгдэж байна.