Нэтфликс сар бүр асар олон кино, цувралыг нэмдэг ч үүнийхээ зэрэгцээ нэлээдгүй контентыг сангаасаа хасдаг. 2026 оны нэгдүгээр сард буюу энэ сард Их Британийн Нэтфликсээс хоёр томоохон бүтээл хасагдах гэж байгаа нь хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Хасагдах бүтээл нь алдарт “Friends” болон “Mad Men” аж.
Нэтфликс дээр асар их хандалт авдаг "Friends" цуврал нь тус платформын хамгийн олон дахин үздэг цувралуудын нэгт тогтмол багтдаг. Гэвч лицензийн гэрээний хугацаа дуусч буйтай холбоотойгоор "Friends" цуврал Netflix UK-ээс хасагдах гэж байна. Уг ситком 2018 онд тус платформд орж ирж байжээ. Мөн “Harry Potter” киноны цувралууд ч Нэтфликсээс хасагдахаар болжээ. Энэ нь Европт HBO Max стриминг үйлчилгээ нэвтрэхтэй давхцаж байгаа бөгөөд уг платформ нь Warner Bros-ийн бүх кино бүтээлийн үндсэн “гэр” болох аж.
Их Британид HBO Max 2026 оны гуравдугаар сард албан ёсоор нээгдэх бөгөөд "Friends" болон "Harry Potter" аль аль нь тус стриминг үйлчилгээнд багтах ажээ.