
K-pop өнөөдөр БНСУ-ын эдийн засгийн гол тулгуур салбар болоод зогсохгүй, дэлхийн залуусын соёл, чиг хандлага, хэрэглээг тодорхойлох хүч болон хувирчээ.
Энэ нөлөөний гол шалтгаан нь айдолуудын тайзны ард өнгөрүүлдэг олон жилийн хатуу бэлтгэл, өдөр тутмын тууштай хөдөлмөр, хувийн амьдралаа хүртэл золиосолсон хичээл зүтгэлтэй шууд холбоотой.
Дэлхийн сая сая залуусын шүтээн болсон BTS, BLACKPINK, TWICE зэрэг хамтлагуудаас сэдэвлэн бүтээсэн Netflix-ийн “Kpop Demon Hunters” анимэйшн түүхэн дээд амжилт тогтоож, тус платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй анимэйшний нэгээр нэрлэгдээд байна.
Уг бүтээл нь агуулга, дүрийн шийдэл, үзэгчдэд хүргэх арга хэлбэрээрээ к-попын ертөнцийг огт өөр өнцгөөс харуулж, салбарын судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татжээ. Түүнчлэн к-поп ертөнцөд бодитоор оршин байдаггүй Huntr/x, Saja Boys зэрэг хамтлагуудыг жинхэнэ айдол мэт дүрслэн амилуулж, бодит ба уран сэтгэмжийн заагийг шинэлэг байдлаар холбож өгсөн нь анимэйшний гол ялгарал байв.
Сүүлийн жилүүдэд эгдүүтэй, бяцхан төрхтэй хүүхэлдэйн баатруудаас илүүтэй хүсэл зорилготой, хүчирхэг эмэгтэй дүрүүд болон энгийн хэр нь тэмүүлэлтэй баатрууд хүүхэд, залуусын сонирхлыг татах болсон. Тэгвэл Kpop Demon Hunters ч энэ хандлагыг дагаж, өөрийн гэсэн онцлогтой хүчирхэг дүрүүдийг бүтээжээ.
Анимэйшний гол утга санаа нь K-pop хамтлагийн гишүүд зөвхөн тайзан дээр дуулж, бүжиглээд зогсохгүй, мангасуудтай тэмцэн хотыг хамгаалж, өөрсдийн мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэж буй үйл явдлыг өгүүлдэг. Тэдний хувьд өөр, өөрийн гэсэн онцлог чанартай бөгөөд эдгээр чадваруудаа ашиглан хотын иргэдийг хамгаалдаг.
Rumi – Ахлагч
Rumi бол Huntr/xийн ахлагч бөгөөд багийн гол хөдөлгөгч, стратегич юм. Тэрээр ухаалаг, хурдан сэтгэж, өөрийн шийдвэрээр багийг тулааны үед удирдан амжилт руу хөтөлдөг. Rumi-гийн дүр нь үзэгчдэд итгэлтэй, зөв удирдлага бүхий хүчирхэг эмэгтэй дүр гэсэн үнэлэмжийг өгдөг. Түүний зан чанар нь зөвхөн тайзны үзэмж төдий бус, багийн дотоод харилцаа, нөхөрлөл, стратегийн шийдвэрүүдээр дамжуулан гүн гүнзгий мэдрэмж төрүүлдэг.

Mira – Хүчирхэг гишүүн
Mira нь зоримог, бие даасан, хамгаалагч шинж чанартай. Тэрээр багийнхаа гишүүдийг хамгаалах үүрэгтэй бөгөөд өөрийн хүч чадлаараа тулааны үед гол үүрэг гүйцэтгэдэг. Mira-гийн дүр нь үзэгчдэд ур чадвар, зориг, тулааны хүчний бэлгэдэл болж, Huntr/x-г бодит мэт, үзэмжтэй болгодог. Мөн эмэгтэй баатруудын хүчирхэг дүр төрхийг төлөөлдөг учраас хүүхэд, залуусын сонирхлыг ихээхэн татдаг онцгой дүр юм.

Zoey – Хөдөлгөөнтэй, идэвхтэй гишүүн
Zoey нь багийн хамгийн хөдөлгөөнтэй, хурдан сэтгэдэг гишүүн. Тэрээр тайзны бүжиг болон тулаанд хурдан хөдөлж, багийн үзүүлбэрийг илүү сонирхолтой, амьд болгож өгдөг. Үзэгчдэд Zoey-ийн дүр нь идэвхтэй, эрч хүчтэй гэдгээрээ илүү үнэлэгддэг бөгөөд багийг нэгтгэдэг гол хүч гэж үздэг.

Мөн анимэйшнд Huntr/ x - ийн гишүүдийг чадварлаг, хүчирхэг ч төгс бус гэдгийг бодитоор харуулсан нь онцлох элементүүдийн нэг. Жишээ нь, тэд тайзны ард өөрийнхөөрөө, хээгүй байж гоймон, хийжүүлсэн ундаа зэргийг хүссэнээрээ идэж, ууж, марзан царай гаргадаг. Үүгээрээ айдолуудыг үргэлж төгс төгөлдөр харагдах ёстой гэх нийгмийн хэвшмэл ойлголтыг зориуд эвдэхийг хичээжээ. Үүнээс гадна тоглолт болон бэлтгэлийн үеэр алдаа гаргах зэрэг хөшигний ард өрнөдөг бодит мөчүүдийг үзүүлэхийг хичээсэн нь айдолуудыг үргэлж хүчтэй, чадварлаг байдаггүй гэдгийг харуулахыг зорьжээ.
“Kpop Demon Hunters” анимэйшн нь үзэгчдэд зөвхөн урам зориг, үзэл санаа өгөхөөс гадна дуу хөгжим, дүрслэлээрээ олон залуусын зүрхийг эзэмдэж буй. Тэр дундаа охидын хамтлаг Hunter/Xийн “Golden” дуу нээлтээ хийснээс хойш богино хугацаанд дэлхий даяар асар хурдтай түгж, Billboard-ийн хамгийн өрсөлдөөнтэй жагсаалтуудыг тэргүүлэн, “Billboard Hot 100” жагсаалтад найман долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигджээ.
“Kpop Demon Hunters” анимэйшний “Golden” дууг EJAE, Audrey Nuna, REI AMI нар дуулсан бөгөөд EJAE болон REI AMI -гийн хувьд Сөүлд төрж өссөн, Audrey Nuna нь АНУ-ын Нью Жерси мужаас гаралтай уран бүтээлчид аж.
Шүүмжлэгчид уг бүтээлийг өнгөрсөн 2025 оны хөгжмийн салбарт хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх дууны нэг хэмээн үнэлж буй. Харин Netflix энэхүү анимэйшнийг энэ оны Оскарын “Шилдэг анимэйшн кино” төрөлд нэр дэвшүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар найруулагч Мэгги Кан “Бүтээлийн сэтгэл хөдлөл ба дуу хоолойн нийцэл нь үзэгчдийн зүрхийг хамгийн хүчтэй хөдөлгөсөн зүйл” хэмээн онцолсон аж.
Тэрээр мөн цувралыг үргэлжлүүлэх боломжтой тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүнээс гадна уг анимэйшн нь поп соёлын өнгө төрхөөс хальж, Солонгосын уламжлал, бэлгэдлийг орчин үеийн K-pop тайзтай өвөрмөц байдлаар хослуулсан уран бүтээл болж чаджээ. Dokkaebi (чөтгөр), Dangsan мод, Joseon үеийн бэлгэдэл зэрэг уламжлалт элементүүд нь анимэйшнд онцгой өнгө төрхийг нэмж, үзэгчдэд шинэлэг мэдрэмжийг төрүүлсэн байна.
Энэ амжилт нь уг бүтээлийг франчайз болгон өргөжүүлэх боломжийг нээжээ. Тодруулбал, дэлхий даяар алдартай болсон “Kpop Demon Hunters” төсөл Mattel, Hasbro зэрэг нэр хүндтэй тоглоом үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүний хүрээг олон салбарт өргөжүүлэх бололцоог бүрдүүлсэн байна. Тухайлбал, Mattel нь барби хүүхэлдэй болон биет тоглоом, Hasbro нь электрон болон хөлөгт тоглоом үйлдвэрлэх бөгөөд 2026 оны зун гэхэд Hasbro нь Kpop Demon Hunters-ийн сэдэвт монополь тоглоомыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Ийнхүү “Kpop Demon Hunters” анимэйшн нь к-попын соёл дэлхийн хэмжээнд ямар хүчтэй нөлөөтэй болсныг тод томруун харуулсан уран бүтээл болж чаджээ. Айдолуудын амьдралын ард өрнөдөг зогсолтгүй хөдөлмөр, дарамт, айдас, нөхөрлөлийн үнэ цэнийг бодитоор дүрсэлснээрээ үзэгчдэд к-попын ертөнцийг илүү гүн, бодитойгоор ойлгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Мөн Зүүн Азийн уламжлал болон орчин үеийн поп соёлыг шинэлэг хэлбэрээр нэгтгэн үзүүлсэн нь уг анимэйшнийг олон улсын зах зээл дээр дахин давтагдашгүй, онцгой өнгө төрхтэй бүтээл болоход нөлөөлжээ.