
Хэдхэн хоногийн өмнө Европ дахь аялан тоглолтын хуваариа зарласан “The Hu” хамтлаг “Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын хоёрдугаар улирлын албан ёсны дууг хамтран дуулжээ.
Энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болох тус цувралын дууг “Эмми”-гийн шагналт орос гаралтай америк бүсгүй Соня Белоусова, итали гаралтай швейцарын уран бүтээлч Жиона Остинелли нар хамтран бүтээжээ.
Тэд өнгөрсөн онд хүүхдийн болон гэр бүлийн киноны шилдэг дуу төрөлд “One Piece” цувралынхаа “My Sails Are Set” дуугаараа Эммигийн шагнал хүртэж байв.
“Pray to the Sun” буюу “Нарны залбирал” нэртэй шинэ дууг ирланд дуучин Деклан де Барра болон Монголын “The HU” хамтлаг хамтран дуулсан юм.