
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Барилдааны дараа Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй гар барих бөхчүүдийн гарыг нь цэвэрлүүлсэн асуудал сошиал орчинд түгээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд Бөхийн өргөө, заалны бүх барилдаанд гар арчих дадлагыг хэвшүүлэхээр болсноо дурджээ.
Уг мэдэгдэлд, Иргэдийн зүгээс төрийн өндөрлөгүүдтэй гар барихад бөхчүүдийн гарын хөлсийг арчуулахыг Төрийн тусгай албаныхнаас сануулж, гарын угааж, цэвэрлүүлсэн үйлдэлд нь дургуйцлээ илэрхийлж, дарга нар нь гар барихаа болих хэрэгтэй хэмээн шүүмжлээд байгаа юм.
Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд нийгмийн хөгжил, цаг үетэйгээ нийцэн хөгжиж байх ёстой. Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан (давхар золгох, тэгш барилдаанд шуудагны барьцтай) барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай.
МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд ариутгалын бодисоор гарыг арчуулж болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг.
МҮБХолбоо нь Монгол бөхийн өргөө болон бусад зал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана гэж мэдэгдэлдээ дурджээ.