Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна. 

Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 буюу 92.3 хувь түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. Ингэснээр тэрээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ "Өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэн. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ" гэв

Тэтгэврийн зээлийг бусад зээлтэй адил нөхцөлөөр олгохоор болов

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын 12, 13-ны өдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн. Үүнийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сарын тэтгэврийн зээлийн зохицуулалт хийсэн хэдий ч зарим зээлдэгчийн хувьд шилжилтийн үеийн хүндрэл үүсэж, бодлогын арга хэмжээнд тохируулга хийх зайлшгүй шаардлага үүсгэлээ. Ийнхүү гадаад, дотоод орчны цаашдын нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчдэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Энэхүү арга хэмжээ нь тухайн зээлдэгч өмнөх зээлийн төлбөрөө төлсний дараа дахин зээл авахад шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулахад чиглэгдсэн. Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Бодлогын дараагийн алхмуудыг дараагийн ээлжид авч хэрэгжүүлнэ" гэлээ. 

Тусгай сургуулилттай 18 адууг бойнд өгчээ 

2025 оны зургаадугаар сарын 7-ны өглөөний 04:30 цагт, Монгол түмний өв соёл болсон морьт харвааны спортод бэлтгэгдэж байсан 18 морь Жаргалантын амнаас хулгайд алдагдсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн бөгөөд хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг мэдээллээ. 

Тэрээр энэ талаар "Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. 17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12 дугаарт мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг" гэв.

Улаанбурхан хяналтаас гарав

Өчигдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 13-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7174, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 626, гэрээр 1099, эдгэрсэн 5444, Хавьтал 62 455, нас баралт 5 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Цэцэрлэг, сургуулийн амралт эхэлсэн ч улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг онцгой өвчин. Тиймээс дархлаажуулалтад хамрагдалт өндөр байж уг өвчнөөс сэргийлэх боломжтой. Түүнээс сургууль цэцэрлэг амарснаар халдвар буурахгүй” гэсэн хариултыг өгсөн юм.