
Цаг үе болгон өөрийн гэсэн хуультай. Харин тэр хуулиас ангид зүйл нь бидний ухамсар бас хүсэл мөрөөдөл.
Эдгээрийг мөнөөх хууль захирдаг бол хүний оршихуй гэдэг бүхэлдээ нийгмийн тогтолцоог бүрэлдүүлэгч хүчин бус харин нэгэнт тогтчихсон мөнөөх хүчний эрэг, шураг төдийхөн байх байсан болов уу.
Үүнийг нуршихад учир бий. Сүүлийн үед залуус өөрсдийн хүсэл, зорилго, оршихуйд амин чухал тэрхүү утга учрын эрэлд хаталгүйгээр зөвхөн амьжиргаа, ахуйн хэрэглээтэй “мэргэжил” гэх зүйлийг хольж хутгах болсон явдал их ажиглагдах болов. Мэдээж өдгөө ирээдүй үе өөрчлөгдөж, өөрсдийн үнэ цэнийг эрэлхийлэх болсон ч хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлдэг, хүүхдийнхээ хүсэл, зорилгын талаар сонсдоггүй, дийлэнхийг даган хөөсөрдөг явдал нийгэмд бугшсан хэвээрээ байна.
Социализмын үед анагаахын ухаанд суралцсан бол насан туршдаа эмчээр ажиллаж, жолоонд суусан бол тээвэрт явдаг байв. Санхүүч хүн зөвхөн мөнөөх салбартаа л насаа элээнэ. Нэг талдаа бүх зүйл хязгаарлагдмал байсан нь үнэн. Харин өнөөгийн зуунд бол ямар ч мэргэжлийг эзэмшсэн өөрийн сонирхдог зүйлийг давхар хийж болно. Эмч хүн хувийн бизнесээ эхлүүлж, уран зохиолын ном туурвих боломжтой гэсэн үг. Яг ийм цаг үед мэргэжлийг насан туршийн амь зуулга болгож харах, зөвхөн түүгээр л “өдрийн хоолтойгоо золгоно” гэж сурталчилдаг цаг ард хоцорсон. Гэтэл манайд сүүлийн үеийн трэнд болж байгаа мэргэжил хиймэл оюун ухааны инженер болоод байна. Урьд цагт хуульч юм уу санхүүч болчихвол л болох нь тэр гэж санадаг байв. Дараа нь программист гэх мэргэжлээр л амьдарч болно гэх давлагаа түрсэн. Мэдээж төрөөс энэ төрлийн суртал ухуулга явуулаагүй ч бидэнд нийгмийн жаягийг дагаж хөөсөрдөг хандлага хэзээд байсаар л...
Мэдээж тренд дагаж хувцаслах, үс засуулах нь байж болох үйлдэл. Харин тренд дагаж мэргэжил сонгоно гэдэг буруу. Тиймээс сүүлийн үед цахимаар нэлээдгүй үзэгдэх болсон “Тренд болж буй мэргэжил”, “Таныг амжилтад хөтлөх мэргэжил”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” зэргээр сурталчилдаг, үүнийг дэмжиж үр хүүхдийнхээ хүсэл зорилгыг сонсолгүйгээр мөнөөх хамгийн их эрэлттэй гэх мэргэжил рүү түлхэж орхих нь тун эрсдэлтэй алхам юм. Тэгээд ч тренд өөрөө богино настай. Хувь хүний итгэл үнэмшилд бус зөвхөн бусдын чаддагийг чадах гэсэн, өөрийгөө тэр түвшинд аваачиж үнэлэх зэрэг харалган үйлдлүүдээс болоод амьдралын хамгийн чухал сонголтоо сурталчилгаанд даатгах хэрэг үү?
Монголд ижил мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын тоо их байдаг. Хамгийн гол нь түгээмэл мэргэжлүүд дээр ажлын орон тоо бага, өрсөлдөөн их. Гэвч уг өрсөлдөөн рүү хувь хүн өөрийн зорилгоос үл хамааран хөл тавих нь бий. Нийгэм, эсвээс ар гэр нь түүнийг “шахдаг”. Тэгэхээр мэргэжлийг хувь хүний бодол санаанаас ангид олон нийтийн хандлагад тулгуурлан авч үзэх нь нэн эрсдэлтэй гэсэн үг. Улмаар тухайн хүн цаашлаад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах бус өөр ажил хийх, үгүй бол ажилгүйчүүдийн эгнээг тэлэх зам руу шуударна.
Монголын зах зээлд өдгөө хуульч, эрх зүйч, улс төрийн менежментийн мэргэжлүүд давамгайлж араас эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч, улс төр судлаач гэх мэргэжлүүд удаалж байна. Мөн сэтгүүлч, бизнесийн удирдлага, нийгэм судлаач зэрэг мэргэжлүүд бий. Харин сүүлийн үед эдгээрийг үл тоон “Хиймэл оюун ухааны инженер болчихвол дэлхийд гарна шүү” гэх үгс түрэх болжээ. Уг чанартаа энэ мэргэжлийн орон тоо одоогоор бага ангийн багш, сувилахуй, системийн аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, ойн инженер, цэцэрлэгийн багш тэргүүтэй мэргэжлийн адил хомсдолтой, эрэлттэй байгаа нь үнэн.
Хамгийн гол нь байгууллага өөрийгөө сурталчилдаг, хамгийн их эрэлттэй, түгээмэл, дэлхийд гарах мэргэжил хэмээн тодотгож хэний ч хүслийг өөрсдийн зорилгын үүднээс ашиглаж болно. Түүнийг, олон нийтийн уг трендийг дагаж мэргэжлээ сонгоно, үүнийг сурталчилна гэдэг буруу. Тренд дууссан ч хүн өөрөө өөрийнхөө эзэн болж үлдэнэ. Харин тэр мөчид хэдийнэ цаг хугацаа, залуу нас, оюуны чадамжаараа хохирсон байх болно гэдгийг санууштай юм. Уршиг нь энэ.

Сүүлийн арваад жилд бид хөдөлмөрийн зах зээл дэх “эрэлттэй мэргэжил” гэсэн үгээр “амьдралаа” удирдуулах болсон. Нэг хэсэг нь IT, дараа нь стартап, крипто, хиймэл оюун ухаан гээд шинэ чиглэл бүр залуусын анхаарлыг татна. Гэвч уг сонголт ихэнхдээ тухайн хүний бодит ур чадвартай бус харин тухайн цаг үеийн трендтэй илүү холбоотой байдаг. Дээр өгүүлсний адил тренд бол богино настай, харин ур чадвар удаан хугацаанд үнэ цэнээ хадгалдаг.
Жишээлбэл, программчлалын салбар эрчимтэй өсөж байх үед олон хүн код бичихийг “ирээдүйн баталгаа” гэж ойлгосон. Гэвч логик сэтгэлгээ, тэсвэр тэвчээр, тасралтгүй суралцах чадваргүй хүний хувьд энэ мэргэжил амжилт биш, харин дарамт болж хувирсан тохиолдол цөөнгүй. Харин бичих, задлан шинжлэх, шүүмжлэх ур чадвартай зарим хүмүүс уг трендэд үл нийцэх мэт харагдах боловч өөрсдийн салбартаа үнэнч үлдэж, зөв сонголтыг хийснээр урт хугацаанд тогтвортой байр сууриа олж чаддаг.
Тренд дагасан сонголт нь хурдан үр дүн амлах боловч ихэнхдээ богино хугацаанд сэтгэл ханамж үүсгэдэг. Харин өөрийн чадвар, сонирхол, дотоод хэмнэлийг таньж түүн дээр тулгуурласан сонголт нь удаан боловч гүнзгий өсөлтийг авчирдаг.
Мэргэжил гэдэг бол зөвхөн зах зээлийн хариу биш бөгөөд хүний дотоод боломжийн үргэлжлэл билээ. Өнөө цагт мэргэжил сонгох нь зах зээлийн шуугианд автсан шийдвэр болж хувирчээ. “Энэ салбар ирээдүйтэй”, “энд л мөнгө байна”, “одоо л хоцрохгүй бол…” гэх үгс хүний дотоод дуу хоолойг дарж, сонголтыг нь бусдын хүлээлт рүү хөтөлдөг. Мэргэжил бол тухайн цаг үеийн моод биш. Өөрийн хүсэл зорилгоор мэргэжлээ сонгоно гэдэг нь “дуртайгаа л хий” гэсэн хөнгөн урианаас мөн ондоо. Харин өөрийгөө ажиглаж, юунд удаан тэсэж чаддаг, юунд цагийн мэдрэмж алга болтлоо шимтдэг, ямар асуудалтай нүүр тулахдаа ухрахгүй байж чаддагаа ойлгох явдал. Хүн дуртай зүйлээ хийхдээ илүү их хариуцлага хүлээж, алдаа оноогоо даах чадвартай болдог. Энэ нь богино хугацааны амжилтаас илүү, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгодог.
Тренд дагасан сонголт ихэнхдээ гаднаас өгөгдсөн зорилготой байдаг бол, хүсэл зорилгод тулгуурласан сонголт бие хүний дотроос ургадаг. Ийм сонголт хийсэн хүн зах зээл өөрчлөгдөхөд мэргэжлээ бүрэн алдахгүй, харин ур чадварынхаа ачаар шинэ нөхцөлд дасан зохицож чаддаг.
Учир нь түүний суурь нь нэр хаяг, сурталчилгаа бус сэтгэлгээ, ур чадвар, үнэт зүйл байдаг. Тиймээс тренд хүнийг нэгэн хэвд оруулдаг бол хүсэл зорилго өөрийнх нь дүрийг бүтээдэгт гол учир байгаа юм.
Монголчууд хүүхдээ сонсож, тэдэнтэй ярилцаж чаддаг уу? Хүүхэд бүр эцэг эх, өвөг дээдсийн сургаалыг дуулж, дагах ёстой гэх уламжлалт хандлага бий. Аливаа зүйл хоёр талтайн учир үүнийг бүрэн үгүйсгэх хэцүү. Гэвч өдгөө боловсролоо хүч болгон ашиглах болсон цагт хүүхдээ сонсож, тэд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа талаар нь цаг гарган ярилцахад буруудах зүйлгүй.
Сэтгэл судлалын салбарт түгээмэл дурдагддаг нэг кэйс бол АНУ-ын сэтгэл судлаач Карл Рожерсын тэмдэглэсэн “parental projection” үзэгдэл юм. Эцэг, эх өөрсдөө биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхдэдээ өвлүүлэх гэж оролддог. Жишээлбэл, Рожерсийн судалгаагаар нэг оюутан бүсгүй багаасаа уран зурагт авьяастай байсан ч “Зураач хүн амьдралаа авч явж чаддаггүй” гэх эцэг, эхийн шахалтаар хуульч мэргэжил сонгожээ. Тэрээр сурлага сайтай байсан ч их сургуулийн хоёрдугаар курсээс эхлэн архаг түгшүүр, өөрийгөө үзэн ядах мэдрэмжтэй болж, эцэст нь мэргэжлээ сольсон байдаг. Рожерс энэ кэйсийг “Амжилттай мэт харагдах, дотооддоо нурсан хүн” хэмээн тодорхойлсон.
Эцэг, эх хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгох гэсэндээ түүнийг “хамгаалж” байна гэж боддог. Гэвч бодит байдал дээр хүүхдийн сонирхол, урт хугацаанд тэсвэрлэх чадварыг үл ойшоосон сонголт нь шаталт (burnout), мэргэжлийн дунд үеийн хямрал, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн уналт руу хөтөлдөг. Хүн өдөр бүр хийдэг ажлаа тэсвэрлэж л чадвал хангалттай гэж бодох нь богино хугацаанд боломжтой ч, амьдралын 20 эсвээс 30 жилийг ингэж “тэсвэрлэж” өнгөрөөх нь сэтгэлзүйн хувьд асар их өртөг, золиос шаардана.
Эцэст нь хүн хэрхэн ажилласнаараа бус юуг хийж бүтээж, ямар хүн хэвээр үлдсэнээрээ амьдралаа хэмждэг.