
Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд Английн шигшээ багтай тоглохын өмнө Норвегийн зарим тоглогчдын биеийн байдал тавгүйрхсэнийг тус багийн ахлах дасгалжуулагч Столе Сольбаккен мэдэгдлээ. Түүний хэлснээр, бүтэн сарын турш үргэлжилсэн урт замын аялал, бэлтгэл сургуулилалт болон өндөр хариуцлагатай тоглолтын ачаалал багийн бүрэлдэхүүнд нөлөөлж эхэлсэн байна.
Норвегийн шигшээ баг шөвгийн 16-д Бразилын хүчирхэг багийг 2:1-ээр хожиж, 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгараад байгаа юм. Харин бямба гарагт болох Английн эсрэг чухал тоглолтын өмнө багийн дотор халуурах, ханиад хүрэх шинж тэмдэг илэрчээ.
Дасгалжуулагч Столе Сольбаккен хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Манай довтлогч Йорген Странд Ларсен халуурсан, бусад тоглогчдын хувьд ч энд тэндгүй ханиалгах, хоолой нь сөөх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Олон цагийн нислэг, агааржуулагч, хувцас солих өрөөний агаар зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байх шиг байна. Манай аяллын бүрэлдэхүүнд 50 орчим хүн байгаа болохоор хэн нэгний бие өвдөх нь хэвийн үзэгдэл" гэжээ.
Мөн шөвгийн 16-д Бразилыг хожсон тоглолтыг өнжсөн 25 настай хамгаалагч Маркус Хольмгрен Педерсений хувьд зөвхөн ханиад биш, ДАШТ-ий асар их сэтгэл зүйн дарамт, ачаалал нөлөөлсөн гэж дасгалжуулагч үзэж байна. Багийн үндсэн хамгаалагч Юлиан Рюэрсоны сэлгээгээр ирсэн тэрээр өмнөх хоёр тоглолтод маш сайн тоглосон ч, залуу тоглогчийн хувьд сэтгэл зүйн ачааллаа дийлэлгүй биеийн дархлаа нь унасан байж магадгүй хэмээн тайлбарлажээ.
Хэдийгээр багийн дотор эрүүл мэндийн багахан асуудал үүссэн ч Норвегийн гол найдвар, ДАШТ-д 7 гоол оруулаад буй довтлогч Эрлинг Хааланд бэлэн байгааг дасгалжуулагч дуулгалаа. Норвегийн хөгжөөн дэмжигчид Англитай хийх тоглолтыг үзэхээр Флорида руу чиглэсэн нислэгийн тийзийг хэдхэн минутын дотор худалдан авч дуусгаад байна.