
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентад гацав
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэхийг шийдэх нь энэ долоо хоногийн онцлох хүлээлт байлаа. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдсэн чуулганы нэгдсэн хуралдаанд багагүй шүүмжлэлтэй тулгарсан. УИХ-ын гишүүд парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан төслийг дэмжих боломжгүй гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хууль санаачлах эрхтэй, эсэх, энэ нь Улсын Их Хурал болон гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа, эсэх, хэлэлцэж буй төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа эсэх болон иргэд, сонгогчдын эрхэд халдаж, хязгаарлаж байгаа, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн, хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсоноор ялгаварлаж, Үндсэн хуулийн цэц болон улс төрийн намд шууд бусаар онцгой эрх олгох байдлаар засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг алдагдуулах эрсдэл агуулж байгааг анхааруулж байв.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах болоход АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсанаар ирэх пүрэв гариг хүртэл хойшилж байна.
УИХ Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулахаас татгалзлаа
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулж хяналтын сонсгол хийхээр тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд тав хоногийн завсарлага авсан. Хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцээд завсарлагын хугацаа нь дууссан. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 62.3 нь тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав.
Татварын өрийн улмаас хаагдсан 12 100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ
Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй танхим эхний шийдвэрээр татварын өрийн улмаас хаагдсан 12 100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Түгжээгүй болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12 100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд дансаа нээлгэн үйл ажиллагаагаа жигдрүүлээд, татвараа төлөх боломжтой аж. Дансыг нь нээсэн 12 100 ААН нийтдээ 3.8 их наядын татварын өртэй байна.
Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгоно
Ойрхи Дорнодын хямралаас шалтгаалж дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт саатан үнэ өсөөд буй. Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу АИ-92 шатахууны хил үнэ 705 ам.доллароор тогтворжсон бөгөөд гадаад зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй тохиолдолд жижиглэнгийн үнэд шууд нөлөөлөхгүй аж. Харин дизель түлшний үнэ өнгөрсөн долоо хоногт дахин өсөж, Улаанбаатарт жижиглэнгийн үнэ литр нь 3490–3990 төгрөгт хүрээд байна. Орон нутагт түлшний үнэ харилцан адилгүй, баруун бүсэд 4500 төгрөгт хүрчээ. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоны үндсэн дээр 10 мянган тонн түлшийг хямд үнээр буюу 3400 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж татан авалтаа хийж эхлээд байна.
Дэлхийн банк: 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өснө
Дэлхийн банкнаас танилцуулсан Монголын эдийн засгийн тойм тайланд дурдсанаар 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй байх төсөөлөл гарчээ. Энэ нь 2025 оны 6.8 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт боловч харьцангуй тогтвортой, сайн үзүүлэлт гэж үнэлсэн байна. 2026 онд уул уурхайн салбарын өндөр өсөлтийг давтах боломжгүй гэж үзжээ.
2026 онд өрхийн хэрэглээ өсөлттэй хэвээр байх ч энэ өсөлтийн хурд саарах хандлагатай байна. Учир нь инфляцийн түвшин өндөр хэвээр байгаа нь иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж байгаа аж.
Шинэ сайдын эндүүрэл ба нөөцийн махны үнэ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон даруйдаа томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судалсан тухайгаа ярьсан. Ингэхдээ махны үнэ 30 мянга даваагүй, намар бэлтгээд хавар гарган зарж байгаа мах 25-26 мянган төгрөг байгаа хэмээсэн юм. Гэтэл үхрийн цул махны үнэ 30 мянга хэдийн давсныг жирийн иргэд, махны худалдаачид ч нотолж буй. Ц.Идэрбат сайд нөөцийн махны түгээлт, хүртээмжийг нь сайжруулах арга хэмжээ авахаар амалсантай зэрэгцээд нийслэлийн зүгээс үнэ нэмэх болсныг зарлалаа. Өнөөдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 000, хонины махны үнийг 2000 төгрөгөөр нэмж, 15 000 төгрөгөөр худалдаалах боллоо.