УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Өнөөдрийн энэ асуудал Ерөнхий сайдын хүүгийн асуудал дэгдсэнээс болсон. "Орлогоо нотол" гэдэг хөдөлгөөн өрнөсөн. Удалгүй "Огцрох амархан" болж хувирсан. Цаашлаад МАН-ын Бага хурал хуралдаанд хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах асуудал болж хувирсан. Өнөөдөр бид Ерөнхий сайдад бодлогын дэмжлэг үзүүлэх эсэх асуудал болгоод хэлэлцэж байна. Гурван долоо хоногийн хугацаанд орлогоо нотлох асуудал нь яагаад бодлогын дэмжлэг үзүүлэх эсэх болсныг иргэд олон нийт гайхаж байгаа.
Цахим орчинд нэгнээ харлуулах пиар хэтэрлээ. Энэ асуудлыг сарниулах гэсэн олон дуулианаас үнэхээр залхаж байна. Мөн УИХ-ын гишүүд рүү мессэж их ирж байна. Шийдвэрт нөлөөлөх зорилготой. Орлогоо нотлох асуудал яагаад ингээд хувирчихав. Орлогоо нотлох процесс ямар шатандаа явж байна вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -АТГ-т бүх материалаа бүрдүүлээд өгсөн. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тулгуурлаад дүгнэлт гаргаж, хариу өгдөг юм байна. Үүнд 30-60 хоног шаардах юм билээ.
Хүүтэйгээ уулзаж ярилцсан. Хүү маань 23 настай. Нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн юм байна. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн юм билээ. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй. Бас бугуйвч бэлэглэсэн, тэр нь 500 мянга төгрөгийн үнэтэй. Авсан дэлгүүрийн баримт гэх мэт бүх баримтуудыг нь АТГ-т өгсөн.
Үнэтэй машин өгсөн гэдэг нь худлаа мэдээлэл. Би судалж үзсэн. Тэр машин нь Монголд 10 хүрэхгүй л байдаг юм билээ.
Манай хүү багаасаа зураг авах сонирхолтой байсан. Сонирхолынхоо дагуу контент хийх дуртай. Манай аав бол зураач хүн. Надад зургийн авьяас байхгүй. Харин манайд хүүд ийм авьяас бий. Түүнийхээ дагуу ажиллаж байгаа.