
Нигери гаралтай зохиолч, яруу найрагч Инуа Элламсын “Once Upon a Time in Sokoto” жүжиг Африкийн колоничлолын өмнөх үеийн түүх, дотоодын боолчлол зэрэг эмзэг сэдвийг театрын өвөрмөц хэлээр өгүүлжээ.
Уг жүжиг нээлтээ хийсэн цагаас хойш үзэгчд, судлаачдын анхаарлын төвд орсон бөгөөд Их Британийн хэд хэдэн хотод ирэх оны хоёрдугаар сарын 13 хүртэл тоглогдох юм. Тус жүжгийн найруулагчаар Рой Александр Вайз ажилласан байна.
Үйл явдлын хувьд 1800-аад оны дунд үеэс эхэлж, өнөөгийн Нигерийн нутагт оршин тогтнож байсан Сокотогийн халифатын нийгэм, эдийн засаг, шашин соёлын орчныг харуулсан аж. Гол дүрүүдийн нэг нь боол байсан Нафиса, нөгөө нь түүний өмнөх эзэгтэй Зинари бөгөөд тэдний ээдрээтэй харилцаагаар эрх мэдэл, итгэл үнэмшил, эмэгтэй хүний байр суурь, эрх чөлөөний асуудлыг хөнджээ. Зохиолч Элламс уг бүтээлээрээ Африкийн түүхийг зөвхөн Европын колоничлолын өнцгөөс бус, Африк доторх нийгэм, эрх мэдэл, боолчлолын харилцааны талаас өгүүлэхийг зорьсон байна. Тиймээс тус жүжиг нь түүхэн сэдвийг тайз дээр сэргээн үзүүлэхээс гадна өнөө цагт түүний үлдээсэн ул мөрийг эргэцүүлэх бүтээл болжээ.