
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон АНУ-ын тусгай хүчний нэгэн цэрэг уг ажиллагаанд мөрий тавьж, 400 000 ам.долларын ашиг олсон хэрэгт холбогдон баривчлагджээ.
Пүрэв гарагт олон нийтэд ил болгосон яллах дүгнэлтийн дагуу ахлах түрүүч Ганнон Кен Ван Дайк арванхоёрдугаар сарын сүүлээр нэр хүндтэй таамаглалын зах зээлийн платформ болох Polymarket дээр данс нээсэн байна. Тэрээр Мадуро нэгдүгээр сар гэхэд “албан тушаалаасаа гарах” эсэх дээр ойролцоогоор 32 000 ам.долларын бооцоо тавьсан нь маш бага магадлалтай таамаглал байжээ.
Гэвч прокуроруудын мэдэгдсэнээр Ван Дайк Мадурог баривчлах “Operation Absolute Resolve” нэртэй ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд оролцож байсан бөгөөд бооцоо тавихаасаа өмнө нууц ангиллын мэдээлэлд нэвтрэх боломжтой байжээ. Түүний хожил анхнаасаа нэргүй байсан ч хууль сахиулах байгууллагын анхаарлыг даруй татсан байна.
Форт Брэггт байрласан идэвхтэй алба хааж буй цэрэг Ван Дайк нь төрийн нууц мэдээллийг хулгайлах, буруугаар ашиглах, хулгай, залилан зэрэг нийт таван зүйл ангиар яллагдаж байна. Тэрээр Хойд Каролина мужид анхны шүүх хуралдаа оролцох бөгөөд одоогоор шүүхийн бүртгэлд түүний өмгөөлөгчийн мэдээлэл байхгүй байна.
Түүнийг арванхоёрдугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын 2-ны хооронд нийт 13 удаа бооцоо тавьсан гэж үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн бооцоо нь шөнийн баривчилгаанаас хэдхэн цагийн өмнө тавигдсан байна. Прокуроруудын мэдээлснээр тэр 400 000 гаруй ам.долларын ашгаа эхлээд гадаадын криптовалютын “vault” буюу хадгалалтын систем рүү шилжүүлж, дараа нь онлайн брокерийн дансанд байршуулсан байна.
АНУ-ын армийн ахлах түрүүч нь ахлах түвшний ахлагч бус офицер бөгөөд тактикийн гол удирдагч, техникийн мэргэжилтэн гэж тооцогддог, ихэвчлэн батальоны түвшинд үндсэн ахлагчийн үүрэг гүйцэтгэдэг албан тушаал юм. Ийм ахлагчид нэгж дэх доод тушаалын цэргүүдийн жишиг стандарт тогтоох, сахиулахад чухал үүрэгтэй байдаг.
“Манай улсын нууц мэдээллийг хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс түүнийг хувийн санхүүгийн ашиг олох зорилгоор ашиглах ёсгүй” гэж Нью-Йоркын өмнөд дүүргийн АНУ-ын прокурор Жэй Клэйтон мэдэгдэв. Шүүхийн баримтад дурдсанаар Ван Дайк сүүлийн бооцоогоо тавьсан үед болон ажиллагааны дараа “далайн усан онгоцны тавцан дээр, нар мандаж байх үед, АНУ-ын цэргийн хувцастай, буу барьсан, мөн адил хувцастай гурван хүний хамт зогсож байсан” нь гэрэл зурагт буусан байна.
Прокуроруудын мэдээлснээр Ван Дайк 400 000 гаруй ам.долларын ашиг олсон бөгөөд уг мөнгийг гарал үүслийг нь нуух зорилгоор эхлээд гадаад крипто хадгаламж руу шилжүүлж, дараа нь онлайн брокерийн дансанд хийсэн гэж үзэж байна.
Commodity Futures Trading Commission (АНУ-ын дериватив зах зээлийг зохицуулж, хянадаг бие даасан холбооны агентлаг) энэ хэрэгтэй холбоотой иргэний нэхэмжлэл гаргаж, нөхөн төлбөр, хууль бус ашиг хураах болон мөнгөн торгууль ногдуулахыг шаарджээ.
Өнгөрсөн сард CNN холбооны прокурорууд Мадуротой холбоотой энэхүү арилжааг шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан. Манхэттэны прокурорын газрын үнэт цаас, түүхий эдийн залилангийн хэлтсийн удирдлагууд өнгөрсөн сард Polymarket-ийн төлөөлөгчидтэй уулзсан байна.
Бооцоо тавигдсаны дараа АНУ-ын цэрэг нууц ажиллагаа явуулж, Каракас дахь ерөнхийлөгчийн ордноос Мадурог шөнийн ажиллагаагаар баривчилсан. Түүнийг Нью-Йорк руу шилжүүлж, хар тамхины хэрэгтэй холбоотой холбооны ял тулгасан бөгөөд тэр буруугүй гэж мэдүүлжээ.
Polymarket платформ X сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ: “Нууц төрийн мэдээлэл ашиглаж арилжаа хийж буй хэрэглэгчийг илрүүлсний дараа бид хэргийг АНУ-ын Хууль зүйн яаманд шилжүүлж, мөрдөн шалгалтад хамтран ажилласан. Дотоод мэдээлэл ашигласан арилжаа Polymarket-д байх ёсгүй. Өнөөдрийн баривчилгаа систем ажиллаж байгааг харуулж байна” гэжээ.
Таамаглалын зах зээл шүүмжлэл дагуулж байна
Сүүлийн нэг жилийн хугацаанд таамаглалын зах зээл (prediction markets) эрчимтэй өсөж, хэрэглэгчид долоо хоног бүр хэдэн тэрбум ам.долларыг ийм платформд зарцуулж байна.
АНУ-ын Конгрессын гишүүд энэ онд ийм зах зээлийг илүү хатуу зохицуулах зорилгоор арав гаруй хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд зарим нь хоёр намын дэмжлэг авсан. Эдгээрийн зарим нь төрийн албан тушаалтнууд дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийхэд ногдуулах хариуцлагыг чангатгах зорилготой.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ геополитикийн үйл явдлууд дээр мөрий тавих явдал нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр уг хэргийг бейсболын домогт тоглогч Пит Роузтэй зүйрлэн, өөрийн баг дээр мөрий тавьсных нь төлөө бейсболоос хасагдсан тохиолдлыг дурдсан байна. “Энэ бол Пит Роуз өөрийн баг дээр мөрий тавьж байсантай адил” гэж Трамп хэлжээ.
Ирантай холбоотой дайны үйл явдлуудад мөрий тавих асуудалд санаа зовж байгаа эсэхийг асуухад тэрээр “энэ бол дэлхий нийтийн асуудал” гэж хариулсан байна. “Харамсалтай нь дэлхий нийт бага зэрэг казино шиг болж байна. Ийм төрлийн мөрий дэлхийн хаа сайгүй явагдаж байна” гэж Трамп хэлээд “би үүнд сэтгэл хангалуун биш байгаа” гэж нэмжээ.
Трампын засаг захиргаа өнгөрсөн жил Polymarket-д АНУ-ын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгосон ч АНУ-д чиглэсэн сайт нь бүрэн ажиллагаанд ороогүй байна. Харин Мадуротой холбоотой арилжаа нь олон улсад чиглэсэн сайтад хийгдсэн бөгөөд энэ нь АНУ-ын зохицуулалтаас гадуур ажилладаг. Иймээс дайнтай холбоотой зах зээл нээх боломжтой байдаг бөгөөд энэ нь холбооны хуульд хориглогдсон үйл ажиллагаа юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар америкчууд виртуал хувийн сүлжээ (VPN) ашиглан ийм оффшор сайт руу хялбар нэвтрэх боломжтой.
Таамаглалын зах зээлийн салбарт дотоод мэдээлэл ашиглагчдын үүргийн талаар маргаан өрнөсөөр байна. Зарим шинжээчид ийм зах зээлийг дотоод мэдээлэл олон нийтэд хурдан тархах суваг гэж үздэг.
Polymarket-ийн гүйцэтгэх захирал өнгөрсөн арваннэгдүгээр сард Axios-т өгсөн ярилцлагадаа дотоод мэдээлэл ашиглах эрсдэлийн талаар асуухад “манай платформ хүмүүсийг мэдээллээ зах зээлд ил болгох санхүүгийн урамшуулал бий болгодог нь маш сонирхолтой” гэж хэлж байжээ.
Polymarket гуравдугаар сард шинэ дүрэм гаргаж, дотоод мэдээлэл ашиглахыг хориглох гурван үндсэн ангиллыг тодорхой болгосон. Үүнд: