
Нэгэн цагт Хятадын хамгийн баян бизнесмэнүүдийн нэг гэж тооцогдож байсан Го Вэньгүй АНУ-д олон тэрбум ам.долларын залилангийн схем ажиллуулсан хэргээр 30 жилийн хорих ял сонслоо.
Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн салбарын магнат байсан тэрээр 2017 онд Хятадаас АНУ руу дүрвэж, өөрийгөө Хятадын Коммунист намын шүүмжлэгч болгон шинэчлэн тодорхойлж, цахим орчинд дагагчдын томоохон хүрээллийг бүрдүүлсэн. Гэвч хожим нь Го нь зохион байгуулалттай гэмт хэрэг, залилан болон мөнгө угаасан гэх хэрэгт буруутай нь тогтоогджээ.
Нью-Йоркийн шүүхийн шүүгч Аналиса Торрес Го-г "Хятадад ардчиллыг тогтоохыг хүсэж байсан хүмүүсийг ашиглаж", тэдний мөнгийг өөрийн тансаг амьдралын хэв маягийг санхүүжүүлэхэд зарцуулсан гэж мэдэгдсэн байна.
Майлс Го, Хо Ван Квок зэрэг хэд хэдэн нэрээр алдаршсан Го Вэньгүй өөрийн дэмжигчдээр дүүрсэн шүүх танхимд ялаа сонсжээ.
АНУ-ын прокурор Шон С. Бакли BBC-ийн сурвалжлагчид"Түүнд олдсон хууль ёсны олон боломжид сэтгэл ханахын оронд Го мянга мянган хүний түүнд итгэсэн итгэлийг хувийн шуналдаа ашигласан. Өнөөдрийн ял нь алдар нэр, хөрөнгө чинээ таныг хуулиас дээгүүр тавьдаггүйг, олон олон гэр бүлийг хохироож өөрийгөө баяжуулсан луйварчид ноцтой үр дагавартай тулгардаг болохыг харуулж байна" гэж хэлжээ.
Хятадаас дүрвэхээсээ өмнө Го үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчийн хувиар асар их хөрөнгө хуримтлуулж, тус улсын засгийн газартай ойр харилцаатай байсан юм. Гэвч Хятадын өндөр албан тушаалтнууд түүнийг авлигын хэрэгт буруутгасны дараа тэрээр АНУ-д орогнол хүсжээ. Го улмаар Хятадын коммунист дэглэмийг шүүмжлэгч болж, АНУ дахь хятад иргэдийн дунд өргөн хүрээний цахим дагагчдыг бий болгосон байна.
Прокуроруудын мэдээлснээр, Го 2018-2023 оны хооронд хөрөнгө оруулалт болон криптовалютын схемүүдэд оролцохыг уриалан цахим дагагчдаасаа 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлжээ.
Түүний цуглуулсан мөнгийг 50 000 хавтгай дөрвөлжин фут талбай бүхий харш, 1 сая ам.долларын үнэтэй Lamborghini автомашин, 37 сая ам.долларын дарвуулт онгоц зэрэг тансаг хэрэглээг санхүүжүүлэхэд ашигласан гэж прокурорууд мэдэгдсэн байна.
Го эдгээр буруутгалыг үгүйсгэж, уг хөрөнгийг өөрийн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд ашигласан гэж мэдэгджээ.
Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх асан Стив Бэннон зэрэг Хятадын эрх баригчдыг шүүмжлэгч бусад хүмүүстэй ойр харилцаа тогтоосон байв.
Бэннон, Го нар цахим бичлэгүүдэд байнга хамт гарч байсан бөгөөд 2020 онд Хятадын Коммунист намыг түлхэн унагах зорилготой "Хятадын Шинэ Холбооны Улс" нэртэй кампанит ажлыг эхлүүлжээ.
Тухайн оны сүүлээр Бэнноныг Коннектикут мужид Гогийн дарвуулт онгоцон дээр баривчилсан юм. Түүнийг АНУ-Мексикийн хилийн хана барих зорилгоор байгуулсан ашгийн бус байгууллагад хандив өгсөн хүмүүсийг залилсан гэх тусдаа хэрэгт буруутгажээ.
Бэннон Манхэттений шүүхэд залилангийн хэргийг хүлээн зөвшөөрч, гурван жилийн ял авчээ.
Тэрээр мөн хилийн ханатай холбоотой кампанит ажлын хүрээнд холбооны түвшний ял сонсох эрсдэлтэй тулгарсан ч Дональд Трамп анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн цагуудад түүнд өршөөл үзүүлснээр уг хэрэг хаагдсан юм.