
Монголд гүйлтийн соёл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зөвхөн мэргэжлийн спорт байхаа больж, иргэдийн амьдралын хэв маягийн нэг хэсэг болон төлөвшиж байна.
Өмнө нь бид гүйлтийг зөвхөн жин хасах эсвэл тусгай спорт мэтээр явцуу хардаг байсан бол өнөөдөр нас, мэргэжил үл харгалзан хэн бүхэн гүйхийг дадал болгож байна.
Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүд хүмүүсээр дүүрч, энэ гүйлтийн спорт нийгмийн сүлжээнд анхаарал татах сэдэв, залуусын эрүүл амьдралын хэв маягийн илэрхийлэл болон хувирсан нь хэн бүхэнд анзаарагдана. Тэгвэл энэ хөдөлгөөн идэвхжиж, эрүүл амьдралын дадал болон төлөвшихөд дараах зүйлс нөлөөлжээ. Нэгдүгээрт, сошиал медиа гүйлтийг “күүл” амьдралын хэв маяг болгон түгээж байна. Strava дээр гүйсэн замаа тэмдэглэж, Instagram-д эрч хүчтэй агшнаа хуваалцах нь залуусын хувьд өөрийгөө илэрхийлэх, ижил сонирхолтой хүмүүсийн хүрээлэлд нэгдэх “дижитал соёл” болжээ. Хоёрдугаарт, гүйлт нь бие махбодод бодитой бөгөөд шууд мэдрэгдэх ер бусын таашаал өгдөг байна. Гүйж эхлэх үед амьсгал түргэсэж, зүрхний цохилт нэмэгдэн, бие махбод ачааллаа дийлэхгүй мэт санагдах нь бий. Гэвч яг тэрхүү хүнд давааг тэсвэрлэн өнгөрүүлэх мөчид хүний бие аз жаргалын даавар гэгддэг эндорфин их хэмжээгээр ялгаруулж эхэлдэг аж.
Үүнийг шинжлэх ухаанд “Runner’s high” буюу гүйлтийн баяр хөөр гэж нэрлэдэг байна. Энэхүү мэдрэмж нь яг л хайр дурлалтай учирсан мэт, эсвэл сайхан мэдээ сонсох шиг сэтгэл санааг агшин зуурт дээшлүүлж, ер бусын хөнгөн, эрч хүчтэй төлөвт аваачдаг аж. Өөрөөр хэлбэл, гүйгчид тэрхүү хөлс, ачааллаас биш, дасгал хөдөлгөөн хийсний дараах бие болон сэтгэл зүйд үүсдэг мэдрэмжид шунан дурладаг байна.
Орчин үеийн иргэд гүйлтийг зөвхөн эрүүл мэндийн дасгал бус socializing буюу нийгэмших гол хэрэгсэл болгон ашиглаж байна. Дижитал орчны хэт хамаарлаас залхсан залуус ганцаараа гүйхээс илүүтэй ижил зорилготой хүмүүстэй өглөө бүр уулзан хамт гүйхийг илүүд үзэх болсон байна. ASICS байгууллагаас гаргасан олон улсын судалгаагаар гүйгчдийн 91 хувь нь клубт хамрагдаж гүйх нь тэднийг илүү ихээр идэвхжүүлж, урам зориг өгдөг гэдгийг онцолжээ. Энэ нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн эерэг нөлөөг үзүүлдэг аж. Тэгвэл манайд ч энэ соёл хүчээ авч “I RUN Mongolia”, “Mongolian Elite Runners”, “Active Running”, “Achilles Mongolia” зэрэг олон зуун идэвхтэй клуб үйл ажиллагаа явуулж, мянга мянган залуусыг нэгтгэж байна. Тэдний хувьд өглөө эрт цугларан хотын төвөөр болон цэцэрлэгт хүрээлэнг тойрч ойр болон холын гүйлтүүдийг тогтмол зохион байгуулдаг аж.
“Mongolian Elite Runners” клубийн үүсгэн байгуулагч Ж.Баатарболд
Намайг 2020 онд гүйж эхлэх үед гарын таван хуруунд багтах цөөн клуб л байсан. Харин өнөөдөр гүйлтийн клубүүд эрс олширч, иргэд ч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх сонирхолтой болжээ. Манай клуб одоогоор 100 гаруй идэвхтэй гишүүнтэй. Бид анхан шатны хүмүүст зориулсан хөтөлбөр зарлаж, гүйлтэд сургахын зэрэгцээ марафонд бэлтгэдэг. Энэ явцад тууштай оролцож, шаардлага хангасан хүмүүсийг клубийн гишүүнээр элсүүлдэг. Долоо хоногт гурван удаа тогтмол гүйх дадал суулгахад л эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг. Мөн гүйлтийн клубт хамрагдах нь хүнийг илүү сахилга баттай, тууштай болгоход чухал нөлөөтэй.
Гүйлтийг зайнаас нь хамааран хэд хэдэн төрөлд ангилдаг бөгөөд ойрын, дунд, холын зайн гэж онцолдог аж.
Ойрын
зайн гүйлт:
100-400 метрийн зайд богино хугацаанд аль болох өндөр
хурд гарган гүйх төрөл. Энэ нь булчингийн “тэсрэх хүч” буюу богино хугацаанд
огцом хурд авах, хүчээ шууд гаргах чадварыг хөгжүүлдэг.
Дунд
зайн гүйлт:
800-3000 метрийн зайд гүйх бөгөөд хурд болон тэсвэр
хатуужлын хослолыг шаарддаг. Гүйгчид хурдаа барихын зэрэгцээ энергиэ зөв
хуваарилах хэрэгтэй болдог
Холын
зайн гүйлт:
5 км, 10 км, хагас марафон (21.1 км), бүтэн марафон
(42.2 км) зэрэг багтана. Энэ төрөл нь зүрх, судасны тогтолцоог сайжруулж,
биеийн тэсвэр болон сэтгэл зүйн хатуужлыг хөгжүүлдэг байна.
Харин анхлан гүйж буй хүмүүсийн хувьд өөрийн биеийн онцлог, хурдад тохирсон хэмнэлээр гүйх нь чухал аж. Хэт их ачаалал өгөхөөс илүүтэй тогтмол, зөв хэмнэлээр гүйх нь бэртлээс сэргийлж, гүйлтийн дадлыг удаан хугацаанд хадгалахад тустай байдаг байна. Түүнчлэн гүйхэд хувь хүнээс хатуужил их шаардах ч мөн орчин, хүрээлэл, дэмжлэг туйлын чухал аж.
2026 оны тавдугаар сарын 23-нд “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт зохион байгуулагдана. Өнгөрсөн онд уг марафонд 30 орчим мянган хүн оролцож, 472 сая гаруй төгрөгийн хураамж бүрдүүлжээ. Энэ жилийн хувьд ч оролцогчдын тоо нэмэгдэх хүлээлттэй байгаа нь нийслэлийн иргэд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт илүүтэй тэмүүлэх болсны нэг илрэл юм.
Гэвч жилд ганц удаа марафонд оролцохоос илүүтэй өдөр тутам алхаж, гүйж эрүүлжих бодит хэрэгцээ бидэнд байсаар байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод энэ хэрэгцээг хангах орчин хангалтгүй, олон улсын стандарт шаардсан зам талбай бараг л байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Рио Тинто” цэцэрлэгт хүрээлэнгээс өөр зориулалтын стандарт зам талбайтай алхах, гүйх талбай хомс байна. Олон улсын жишигт World Athletics-ийн зөвлөмжөөр гүйлтийн зам нь дараах шаардлагыг хангадаг аж.
Зөөлөвчтэй
гадаргуу (Rubberized/ Tartantrack):
Бетон эсвэл асфальт шиг хатуу биш, хүний
өвдөг, үе мөчинд ирэх цохилтыг намсгаж, гэмтлээс сэргийлдэг тусгай резинэн
хучилттай байх ёстой.
Тасралтгүй
бөгөөд саадгүй:
Гүйгч хүн автомашины зам, явган хүний өндөр хашлага,
эсвэл гэрлэн дохион дээр зогсохгүйгээр дор хаяж 3-5 км тасралтгүй гүйх
боломжтой маршрут байхыг хэлнэ.
Аюулгүй
байдал:
Авто замаас бүрэн тусгаарлагдсан, шөнийн гэрэлтүүлэг
болон камерын хяналттай байх ёстой.
Нийслэлийн зүгээс энэ онд 52 км авто зам шинээр барьж, 13 байршилд явган хүний зам тавьж, 2026-2028 онд 253 км урт дугуйн замын сүлжээ байгуулахаар төлөвлөөд буй. Гэвч манайд цаасан дээрх гоё зураг төсөл бодит амьдрал дээр тэс ондоо “биелэл” олдог нь нууц биш. Хоёр хүн ч зөрөхөд бэрх явган хүний зам дээр дугуй, скүүтер зэрэг тээврийн хэрэгсэл холилдон зорчиж байгаа нь явган зорчигчдын аюулгүй байдлыг алдагдуулж, орон зайг нь булааж буй үйлдэл юм.
Энэ бүхнээс харахад, бидэнд авто замын өргөтгөлөөс илүүтэй, олон улсын жишигт нийцсэн, аюулгүй, тасралтгүй үргэлжлэх “эрүүлжих талбай” л нэн шаардлагатай байна. Учир нь өглөө бүр гудамжаар гүйж буй хүмүүс зөвхөн өөртөө хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэж, нийгмийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй.
Хэрэв төр засаг иргэдийнхээ энэ их эрмэлзлийг бодлогоор дэмжиж, стандартын зам талбайгаар хангаад өгвөл Улаанбаатар хот маань “түгжрэлтэй” хот биш, хүн бүр нь эрч хүчтэй, хөдөлгөөний соёл цэцэглэсэн дэлхийн жишиг хот болон өөрчлөгдөх бүрэн боломжтой билээ.