
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.
2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Хуулийн төсөлд тусгасан төсвийн тусгай шаардлагуудыг дараах байдлаар тооцсон байна. Тухайлбал,
Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: Уг тэнцлийг төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгасан байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ: Тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөх зохицуулалтыг тусгажээ. Мөн 2027 оны хувьд нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож уг тусгай шаардлагыг 2027 онд мөрдөхгүй байхаар, 2028-2029 онд төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгажээ.
Засгийн газрын өр: Уг өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тооцсон. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангаж байгаа аж.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.