
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ж.Чинбүрэн тэргүүтэй дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Б.Баярбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэрийг нь Хүний эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болгон өөрчилтэй. Үүнтэй холбоотойгоор дараах хэлэлцүүлэг өрнөлөө.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -Бид алсыг харах хэрэгтэй. Технологи, анагаахын шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж байна. Амьтны эрхтнийг хүнд шилжүүлэх суулгах боломжтой болох гэж байгаа. Хүнд хамгийн ойрхон амьтан бол гахай. Дархлаа дарангуйлах системээрээ ойролцоо. Тиймээс гахайнд ургуулсан эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахыг үгүйсгэхгүй. Тиймээс хуулийн нэрэнд хүний гэдэг уг заавал оруулах шаардлагагүй.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх П.Батчулуун: -Монголд амьтнаас хүнд эд эрхтэн шилжүүлэх суулгах хүртэл тодорхой хугацаа орно. Тиймээс одоохондоо хүний гэж явах нь зүйтэй гэж үзсэн юм.