"Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтод оролцох ОХУ-ын уран гулгагчид өчигдөр манай улсад ирлээ.
“Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Бид энэ удаагийн шоу тоглолтыг маш нарийн төлөвлөгөөний дагуу бэлдсэн. Монголын талаас бидэнд олон боломжуудыг тавьсан. Энэ удаа багаараа маш сайн ярилцаж байгаад ирлээ. Мэдээж бидний шоуг хүлээж байгаа Монголын ард түмэнд талархаж байна. Мөн энэ удаагийн тоглолтод Монголын залуу уран гулгагч оролцоно. Бидэнд үнэхээр сэтгэл хөдөлсөн олон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрөөс эхлэн бэлтгэлд гарна. Хоёр хоногийн тоглолтын хөтөлбөрийг эртнээс бэлдсэн. Зохион байгуулалтын багт баяр хүргэе. Тэдний хичээл зүтгэлээр бид Монголд ирлээ. Үнэхээр сайхан санагдаж байна” гэж Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга Евгения Медведева хэллээ.
Энэ удаагийн багт Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын олимп, ДАШТ-д өндөр амжилт үзүүлж байсан уран гулгагчид ирлээ. Тэд өнөөдөр, маргааш “Степп Арена” цогцолборт болох “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолтод оролцох юм.
Мөн энэ удаагийн тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцохоор болжээ. Манай улсад гэхэд мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа залуу уран гулгагчид олноор төрж байгаа.
Уг шоунд “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун дэлхийн хоёр удаагийн аварга Евгени Медведиватай, “Номин талст”-ын А.Хаянхярваа хосын төрлийн алдарт гулгагч Никита Кацалапов, Виктория Синицина нартай хамтарсан үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байгаа аж.
Манай улс олон улсын стандартад нийцсэн мөсөн өргөөг 2021 онд нээснээс хойш хүүхэд залуус уран гулгалтын спортоор эрчимтэй хичээллэх болсон билээ.