
Францын домогт шадар цэрэг Шарль де Бац де Кастелмор Д’Артаньяны араг яс Нидерландын Маастрихт хотын сүмийн тахилын ширээний дэргэдээс олдсон байж болзошгүйг тус сүмийн төлөөлөгчид болон археологичид мэдээлжээ.
Хоёрдугаар сард Гэгээн Петр болон Паулын сүмийн шалыг засаж байсан ажилчид чулуун хавтангийн дороос хүний араг яс бүхий булш олсон байна. Үүний дараа булшны эзэн хэн болохыг тогтоох ажил эхэлсэн аж. Өмнө нь уг сүмд Д’Артаньяныг оршуулсан гэж үзэж байв. 1844 онд Александр Дюмагийн хэвлүүлсэн “Шадар гурван цэрэг” романы дөрөв дэх шадар цэрэг болж дүрслэгддэг тэрээр түүхэн бодит хүн байжээ. Өдгөө судлаачид булшнаас гарсан эрүүний ясны ДНХ-ийг үр удмынх нь биологийн дээжтэй харьцуулан шалгаж байна.
Дээрх сүм тухайн үед Францын цэргүүдийн буудалласан газрын ойролцоо байсан агаал Д’Артаньяныг тулаанд баатарлагаар амь үрэгдсэнд тооцож байсан ч зуны халуунд шарилыг нь Парист хүргэхэд хэцүү байсан тул тэнд оршуулсан гэдэг. Булшнаас 1660 оны зоос, хар тугалган сумны хэсэг зэрэг олдсон нь таамгийг улам үнэмшилтэй болгож байгаа гэнэ. Түүхэн бичиг баримтад Д’Артаньяныг ариун газарт оршуулсан тухай бичсэн байдаг бөгөөд “Тахилын ширээнээс илүү ариун газар байхгүй” гэж судлаачид онцлов.