
ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "П.Наранбаяр сайд өргөдлөө өгсөн байна. Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өргөдлөө өгсөн гэх мэдээлэл авсан. Ерөнхий сайдтай уулзсан. Хуулиараа Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг. ХҮН нам эрчим хүчний реформыг эхлүүлээд явсан. Завсар нь реформын үндэсний хороог ажиллуулаад явсан. Энэ агуулгын хүрээнд, эрчим хүчний асуудлыг ХҮН нам аваад явах нь зүйтэй гэсэн ойлголцолд хүрсэн.
П.Наранбаяр сайдын тухайд, сайн ажилласан. Маш их хүнд сорилттой тулгарсан. Ерөөсөө л төсвийн асуудал байсан. Ардчиллын түүхэнд цалинг хоёр дахин өсгөсөн. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч 2026 оныг Боловсролын жил болгож зарлуулах бүх зүйлийг хийсэн. Энэ бол хариуцлага тооцоод сольж байгаа асуудал биш.
Эрчим хүчний сайдаар хэнийг томилох тухайд, хоёр нэр дэвшигчийн асуудал яригдаж байна. Б.Найдалаа, П.Ганзориг гэсэн гишүүдийн хооронд хэлэлцүүлэг явсан. Өнөөдөр холбогдох нэрсээ өгсөн. Ерөнхий сайд өөрөө шийдээ гаргаад явах байх. Эрчим хүчний салбарын сайд заавал инженер байх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. Энэ салбарт эдийн засаг ойлгодог, санхүү мэддэг, эр зоригтой, тууштай хүн хэрэгтэй" гэв.