
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “StarLadder Budapest Major-2025” буюу энэ оны хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Өнөөдөр тус тэмцээний гуравдугаар тойргийн тоглолт эхлэх бөгөөд “The MongolZ” баг эхний тоглолтоо Бразилийн "Imperial" багтай өнөө шөнө тоглоно. Мөн өнөөдөр “FURIA Esports”, “Team Vitality” зэрэг чансаа өндөр багуудын тоглолт эхэлнэ. Нийт зургаан тоглолт болох хуваарь гарчээ.
Энэ удаагийн тэмцээнд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлж зургаан баг оролцож байгаа ч гуравдугаар тойргийг "The MongolZ" баг ганцаараа эхлүүллээ. Өмнөх хоёрт тойрогт багууд хожигдсоноор Монголын "The MongolZ" баг бүс нутгаа төлөөлөх даалгавартай үлдлээ.
“The MongolZ” багийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт орсон. Энэ тэмцээнд багийн зургаа дахь тоглогчоор М.Азбаяр буюу Senzu оролцохоор болсон. Багийн зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүнээс нэг нь гэмтэх, эсвэл ямар нэгэн шалтгаанаар тоглох боломжгүй болсон үед нөхөж оролцдог.
