
Өмнөд Солонгосын эрдэмтэд алдарт зураач Винсент ван Гогийн “Одот шөнө” бүтээлд дүрслэгдсэн тэнгэр, оддын байршил нь 1889 оны долоодугаар сарын 22-ны үүрээр Францын өмнөд хэсэгт харагдаж байсан одон орны байрлалтай яг таг таарч болзошгүйг тогтоожээ. Уг судалгаагаар урлагийн түүхэнд уран зураачийн төсөөлөл, дурсамжийн тусгал хэмээн тайлбарлагдаж ирсэн бүтээлийн цаана тэнгэрийн бодит ажиглалт байх магадлалтай талаар цоо шинэ таамаг дэвшүүлсэн байна.
Судалгааг Өмнөд Солонгосын сансар судлалын SLLAB компанийн эрдэмтэд болон Сөүлийн Кёнхи их сургуулийн судлаачид хамтран гүйцэтгэж, "Scientific Reports" сэтгүүлд нийтэлжээ.
Зураг дээрх оддын нууцыг тайлах нь
1889 онд зурсан “Одот шөнө” бүтээлд шөнийн тэнгэрийг хөх, цагаан өнгийн эргэлдсэн хөдөлгөөнөөр дүрсэлж, томоор гялалзах одод, гэрэлтсэн хавирган сар, алсад орших тосгон, тэнгэр өөд тэмүүлсэн кипарис моддыг нэгэн өвөрмөц зохиомжид нэгтгэсэн байдаг.
Уг зургийг Ван Гог Францын Сен-Реми-де-Прованс дахь сэтгэцийн эмнэлэгт 12 сарын турш байх хугацаандаа бүтээжээ.
Судлаачид зургийн ард бодит одон орны дүр зураг буй эсэхийг шалгахын тулд Ван Гогийн тухайн үеийн ландшафтыг дүрсэлсэн өөр нэгэн зургийг ашиглаж, түүний ажигласан байх боломжтой газрын байршлыг тогтоосон аж. Тэд уг газрыг эмнэлгийн баруун өмнөд хэсэгт орших толгодтой бүсэд байршуулж, 1889 оны долоодугаар сарын 22-ны үүрээр тэндээс харагдах тэнгэрийг компьютерын загварчлалаар сэргээн байгуулжээ.
Загварчлалын үр дүнд сар болон Сугар гараг тэнгэрийн эсрэг талын хэсгүүдэд байрлаж, сар баруун дээд хэсэгт, Сугар гараг зүүн доод талд харагдахаар байв. Тэдгээрийн хооронд Үхрийн ордонд багтдаг Гиадын оддын бөөгнөрөл оршиж байжээ. Энэхүү бөөгнөрөл нь тэнгэрт “V” хэлбэр үүсгэн харагддагаараа онцлог бөгөөд түүний таван тод одыг дуран авайгүйгээр энгийн нүдээр ажиглах боломжтой.
“Одот шөнө” зурагт сар баруун дээд буланд, Сугар гараг түүнээс доош зүүн талд дүрслэгдсэн байдаг. Судлаачид зураг дээрх төв хэсгийн таван одны харьцангуй байрлалыг Гиадын бөөгнөрлийн байрлалтай харьцуулж, дүрсний хэлбэрийг шинжлэх тооны аргыг ашиглажээ. Уг арга нь хоёр дүрсний хэмжээ, эргэлт, орон зайн байрлалын ялгааг тооцон арилгаж, зөвхөн цэгүүдийн хоорондын харьцангуй зохион байгуулалтыг харгалдуулан дэнслэх боломж олгодог.

Судалгааны ахлагч, одон орон судлаач, инженер бөгөөд SLLAB компанийн гүйцэтгэх захирал Ким Иль-хён CNN-д цахим шуудангаар өгсөн тайлбартаа зураач оддыг бодит хэмжээгээр нь, яг ижил чиглэлд дүрслээгүй болохыг онцолжээ. Зураг дээрх оддын бөөгнөрөл бодит байдлаас том, жижиг юм уу, эсвээс бага зэрэг хазайсан байж болох ч тэдгээрийн харилцан байрлал нь анхны дүрсийнхээ үндсэн бүтцийг хадгалж үлдсэн байна.
Тиймээс судлаачдын дүгнэлтээр, зураг дээрх оддын харьцангуй байрлал Гиадын бөөгнөрлийн зохион байгуулалттай нийцэж байгаа нь Ван Гог огт байгаагүй тэнгэрийг зохиомлоор бүтээсэн гэхээс илүү бодитоор ажигласан дүр зургийг уран сайхны аргаар өөрчилж, тодотгон дүрсэлсэн байж болохыг харуулж байгаа аж. Түүнчлэн тэд Ван Гогийн 1888 онд зурсан “Шөнийн кафе” бүтээлийн оддын байрлалыг "Зуны гурвалжин" хэмээх оддын дүрстэй харьцуулан шинжилжээ.
Зургийг хэзээ зурсан бэ?
Ван Гогийн бүтээлийг хэдийд зурагдсан болох талаар урлаг судлаачдын тогтоосон огноотой дээрх дүгнэлт нь зөрчилдөж байгаа юм. Нью-Йорк дахь Орчин үеийн урлагийн музейн мэдээллээр “Одот шөнө”-ийг 1889 оны зургадугаар сарын дундуур зурсан гэж үздэг. Энэ нь Ван Гогийн дүү Теодоо бичсэн захидалдаа “Эцэст нь би чидун модтой нэгэн ландшафт, мөн одтой тэнгэрийн шинэ судалбар бүтээлтэй боллоо” хэмээн дурдсан мэдээлэлтэй холбоотой.
Гэвч судалгааны багийн үзэж буйгаар, зургадугаар сарын 19-ний орчимд сар бараг тэргэл байсан бөгөөд үүрийн тэнгэрт зурагт дүрслэгдсэн мэт тод оддын зохион байгуулалт харагдах нөхцөл үгүй юм. Харин долоодугаар сарын 22-ны үүрээр Гиадын оддын бөөгнөрөл Сугар гарагтай хамт зүүн зүгт мандаж, сар зурагт дүрсэлсэнтэй төстэй хавирган хэлбэртэй байсан аж.
Уг таамгийг зургийн будгийн давхаргад хийсэн өмнөх шинжилгээний үр дүн ч тодорхой хэмжээнд дэмжиж буй. Судлаачдын тайлбарласнаар, Ван Гог тэнгэрийн хөх өнгийг будсаны дараа оддыг байрлуулах хэсгүүдийг нөхөж будсан байж болох шинж тэмдэг илэрсэн нь оддын зохион байгуулалтыг урьдчилан төлөвлөсөн байх боломжтойг харуулдаг.
Мөн Ван Гог долоодугаар сарын дундуур таталт өгч, үүний улмаас дараагийн хэдэн долоо хоногт ажиллах боломжгүй болсон байж магадгүй гэх таамаг судалгааны шинэ огноотой зөрчилдөж байв. Харин судлаачид франц, нидерланд хэлээр бичсэн анхны захидлууд болон тухайн үеийн цаг уурын тэмдэглэлүүдийг дахин нягталсны үндэс дээр таталт долоодугаар сарын сүүлээр болсон, мөн богино хугацаанд үргэлжилсэн байх боломжтой гэж үзжээ.
Гэсэн хэдий ч судалгаанд оролцоогүй Хятадын Шямэнь их сургуулийн далайн цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийн төвийн дэд профессор Хуан Юнсян уг дүгнэлтийг болгоомжтой тайлбарлах шаардлагатайг анхааруулсан байна. Түүний хэлснээр, одон орны загварчлал, түүхэн цаг уурын мэдээлэл, захидлуудын шинжилгээг нэгтгэсэн нь сонирхолтой арга боловч уран зураг дээрх тэнгэрийн биетүүдийн байрлалаар яг тодорхой огноог тогтоох нь эргэлзээ дагуулсан хэвээр аж.
Уран бүтээлчид байгалийн үзэгдлийг дүрслэхдээ гоо зүйн сонголт, сэтгэл хөдлөл, уран сайхны хэв маягийн нөлөөгөөр бодит байдлаас зөрөх нь элбэг тул зургийг физикийн үзэгдлийн яг таг хуулбар гэж үзэх боломжгүйг судлаач Хуан Юнсян онцолжээ.
Бодит ажиглалт уу, уран сэтгэмж үү?
Урлаг, шинжлэх ухааны огтлолцлыг судалдаг одон орон судлаач, куратор, уран бүтээлч Улрике Кюхнер уг судалгааг “сонирхолтой мөрдлөг” хэмээн үнэлсэн ч Ван Гог бодит ажиглалт болон уран сэтгэмжийг хослуулсан байх боломжийг орхигдуулж болохгүй гэж үзжээ. Тухайлбал, зураач зургадугаар сард тэнгэрийг ажигласан ч тэргэл сарыг өөрийн уран сайхны зорилгод нийцүүлэн хавирган сар болгон дүрсэлсэн байж болох юм.
Тэрбээр зургийн огноо өөрчлөгдвөл Ван Гогийн эрүүл мэндийн түүх, түүний таталт өгсөн хугацаа болон өвчний дараа ажиллах чадвартай байсан эсэх тухай өмнөх ойлголтуудыг ч дахин авч үзэх шаардлага гарч болзошгүйг дурдсан байна.

Гэхдээ судалгаа одоогоор Ван Гог зургийг яг хэзээ эхлүүлсэн, хэдий хугацаанд зурсан, дараа нь дахин засварласан эсэхийг тогтоож чадаагүй. XIX зууны цаг уурын тэмдэглэлүүд өнөөгийн стандартын дагуу хөтлөгдөөгүй тул мэдээллийн нарийвчлал хязгаарлагдмал аж.
Судалгааны ахлагч Ким Иль-хён “Одот шөнө”-ийн санааг Ван Гог зургадугаар сард олж, долоодугаар сарын 22-ноос хойш бүтээлээ дуусгасан байх боломжтой гэж тайлбарласан байна. Тэрбээр энэ нь судалгааны шууд үр дүн бус, өөрийн таамаг гэдгийг онцолжээ. Зурагт будалгүй үлдсэн хэсгүүд нэлээд байдаг нь зураач бүтээлийг богино хугацаанд гүйцээсэн байж болох хувилбартай нийцэх юм.
Эрдэмтэд цаашид Францын түүхэн цаг уурын нэмэлт баримтууд болон Ван Гогийн бусад уран бүтээлчдэд бичсэн захидлуудыг олж судалбал зургийн үүсэл, бүтээсэн хугацааг илүү нарийвчлан тогтоох боломжтой гэж үзэж байна.