
Шотландын Норт-Роналдсэй хэмээх алслагдсан аралд 30 гаруй жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлжээ.
Данкан Уайлдер Торстейн Трэйл Суарес Форд есдүгээр сарын 15-нд мэндэлсэн нь тус аралд 34 жилийн дараа төрсөн анхны хүүхэд болсон талаар түүний ээж Алис Трэйл Форд пүрэв гарагт CNN-д ярьжээ. Норт-Роналдсэй нь Оркнейн арлуудын хамгийн хойд захад орших ердөө 3 милийн урт, 2 милийн өргөнтэй арал юм.
Трэйл Форд сүйт залуу Хорхе Суарес болон гэр бүлийн хамт Коста-Рика, Норт-Роналдсэй арлын хооронд амьдардаг бөгөөд анх Данканыг Коста-Рикад төрүүлэхээр төлөвлөж байсан гэжээ.
Тэд Норт-Роналдсэйд ирэхдээ буцах нислэгийн тийзээ хүртэл захиалсан байсан ч арал дээр очсоных нь дараа хүүхдээ төрүүлэх төлөвлөгөө өөрчлөгджээ. “Энэ бол түүнд миний өгч чадах хамгийн онцгой, ид шидтэй, халамж дэмжлэгээр дүүрэн төрөлт болно гэдгийг би тэр даруй мэдсэн” гэж гэр бүл нь 1727 оноос хойш тус арлыг эзэмшиж ирсэн Трэйл Форд хэлсэн байна.
“Энэ арал намайг өсгөхөд өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг би мэдэрдэг. Тиймээс, ялангуяа өвөг дээдсийн минь гэр болсон энэ газарт би хамгийн хүчтэй холбоо, харьяаллыг мэдэрсэн” гэж өвөг дээдсийнх нь барьсан Холланд Хауст төрсөн Трэйл Форд нэмж хэлжээ.
Шотландын Засгийн газрын 2024 оны тоон мэдээллээр тус арлын хүн ам 72 байжээ. Харин одоо Норт-Роналдсэйд 51 хүн амьдарч байгаа гэдгийг Трэйл Форд дурдсан аж.
Трэйл Форд нутгийнхны аз авчирдаг хэмээн үздэг дөрвөн навчит хошоонгор болон “groatie buckies” хэмээн нэрлэдэг жижиг хясаагаар чимэглэсэн жижиг савтай вискиг хөршүүддээ тараасан байна.
Тус аралд яагаад ийм удаан хугацаанд хүүхэд төрөөгүй талаар Трэйл Форд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу байдагтай холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Тус аралд эмч, эмнэлэг байдаггүй, зөвхөн байнгын ажилладаг сувилагчтай гэнэ.
“Төрөх үед ямар нэг зүйл буруугаар эргэвэл юу тохиолдож болохоос хүмүүс айдаг байх. Тиймээс шаардлагатай тусламж үйлчилгээ бүгд байдаг эмнэлэгт байх нь илүү аюулгүй гэж би бодож байна” гэж тэр хэлжээ.
Оркнейн эх газарт хүрэхэд ойролцоогоор 2 цаг 40 минут завиар явдаг аж.
Яаралтай нөхцөл байдал үүсвэл эргийн хамгаалалтын нисдэг тэрэг ирж авч явна. Харин биеийн байдал хангалттай тогтвортой байвал эх газарт орших Киркволл руу өөрөө зорчих шаардлагатай.