
УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа тун ойртжээ. Үндсэн хуульд заасан ажлын 75 өдөрт хүрэхэд 10-аадхан хоног л дутуу байгаа юм. Ямартай ч эл чуулганы дундаж ирц 81 хувь байгааг тамгын газраас нь мэдээлэв.
Гэхдээ ард түмнийг төлөөлж сонгогдсон нэртэй ч хувийн ажлынхаа завсар зайгаар чуулган, Байнгын хорооны хуралд оролцдог, эсвэл албан тушаалаас огцормогцоо хэнд ч юм “туньж” таслаад алга болдог хүмүүсийн зуршил арилсангүй. Тэд өөрсдөдөө сайн дураар цалинтай чөлөө өгөөд алга болдог гэхэд буруудахгүй нь.
Хоёр жилийн хугацаанд гурван дарга сольсон эл парламентын ирц “тогтворжиж”, сайжирч буй тухай УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Түүний дүгнэлт үнэн үү. Бүрэн эрхийнхээ хугацааны талыг томилгоо, халаа сэлгээ ярьсаар барсан гэдгээ гишүүд гэнэт ойлгож, ажилдаа шамдаад эхэлчих нь энэ үү.
126 гишүүнтэй парламент байгуулагдаад тус бүр хоёр удаа намар, хаврын чуулган хийгээд буй. Хоёр жилийн хугацаанд ажлаа хамгийн их тасалсан нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр. Хэсэг хугацааны дараа улс төрд албан ёсоор эргэн ирж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга 32 удаа хуралдсан эхний намрын чуулганы 17-д нь тасалж, гурван удаа чөлөө хүсэж, хоёр өдөр өвдөж, гадагшаа нэг явжээ. Түүний оролцооны ирц ердөө 21 хувь байгаагаас харвал УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа огт хийгээгүй гэж дүгнэж болно. Үүнээс цочирдмоор үзүүлэлттэй бас нэг хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр мега төсөл ярьж, гүйцэтгэх засаглалын ажилдаа анхаараад УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй гэдгээ ер тоосонгүй. Дээрх чуулганаас тэрээр 18 удаа чөлөө авч, гадагшаа долоон удаа явжээ. Засгийн газрын тэргүүний хувиар гадаад айлчлал хийхийг ойлгож болно. Гэхдээ бүтэн чуулганы турш ердөө долоон удаа л оролцсон гэдэг нь хэтэрхий хангалтгүй. Асуух, тодруулах зүйл өчнөөн байхад сэтгүүлчдэд байтугай УИХ-ын гишүүддээ ч олддоггүй Ерөнхий сайд байсныг нь эл статистик батална. Түүний оролцооны хувь ердөө 14 байснаар сүүл мушгижээ. Тэдний араас С.Лүндэг хэмээх гишүүн жагсана. Тэрээр таван удаа тасалж, 14 удаа чөлөө авчээ. Намрын анхны чуулганы нийт ирц 79 хувь байлаа.
Дараагийн хаврын чуулганы дундаж ирц 82 хувь болж өмнөхөөсөө гурван хувиар өсжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын байр солигдсоноос биш, “сүүл мушгих рекорд”-оо хадгалав. Тэдний оролцоо 13-18 хувь. Одоо ч энэ үзүүлэлтээ хадгалж байна. Сайнаар биш юм гэхэд муугаар ийм тогтвортой үзүүлэлт гаргана гэдэг бас л “ур чадвар” шүү. Гэхдээ Х.Баттулга гишүүний хувьд ээждээ загнуулж, иргэдэд шүүмжлүүлснээс ч болсон уу ажлаа ердөө дөрвөн удаа тасалжээ. Оронд нь гадаад томилолтоор 19 удаа явсан гэж Тамгын газрын мэдээлэлд дурдсан байна. Энэ чиглэлээрээ тэрээр бас л “рекорд” тогтоочихсон байх нь. Чөлөө авах, өвдөхөө ч эл гишүүн мартаагүй.
Уг чуулганаар С.Лүндэг жаахан идэвхээ сэргээж, оролцоогоо нэмснээр байраа ахиулсан байна лээ. Түүний оронд АН-ын Л.Гантөмөр гишүүн дороосоо гуравдугаарт эрэмбэлэгджээ. Тэрбээр 11 удаа тасалж, 10 өдөр өвдөж, нэг удаа гадагшаа явсан юм байна. Гишүүдийн ирцийн оролцооноос нэг сонирхолтой зүйлийг ажиглаж болдог. Энэ бол албан тушаалаас огцорсны дараах “эморол” юм. 2025 оны тавдугаар сард АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргасан. Гишүүн Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайдын албан тушаалаас бууж, АН-ын даргын ажлаа ч өгөхөөр болсон үе. Тиймээс түүнд “өвдөх”, таслах сэтгэл зүйн “гомдлын” шалтгаан бий. Гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч мөн адил. Хаврын чуулган 40 удаа хуралдахад тэр 32-т нь чөлөө авах нэрээр оролцоогүй. Учир нь бэрийнхээ илчилсэн тансаг амьдралынхаа эх үүсвэрийг нотолж чадахгүй Ерөнхий сайдынхаа суудлаас авч “шидэгдчих” гээд нэг хэсэг юм болсон. Огцорсныхоо дараа харин чөлөө аваад сураг тасарсан билээ. Буцаад гишүүдийнхээ дунд, “дор” суухтай эвлэрч чадахгүй байсан биз.
2025 оны намрын чуулган 36 удаа хуралдаж, ирц нь дунджаар 77 болон буцаад буурсан байна. Эл чуулганаар Л.Гантөмөр гишүүн 22 удаад нь өвчтэй байсан тул хамгийн муу ирцтэй нэгнээр тодорсон аж. Овоо засрах маяг орж явсан Х.Баттулга гишүүн ч бас больжээ. Нийт 18 удаа тасалж, тус бүр таван удаа гадаадад болон өвчтэй байсан гэнэ.
Амаржсаны чөлөөтэй байсан учраас М.Нарантуяа-Нарагийн үзүүлэлт муу гарах нь аргагүй. Үүний араас албан тушаалаас огцорсны дараах “эморол” хоёр хүнд их удаан тохиосон нь Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан нар.
УИХ-ын дарга, дэд дарга нар байхдаа ирц онцсайн байсан эдгээр гишүүний үзүүлэлт урвуугаараа эргэв. УИХ-ын нэгдсэн чуулганыг удирдахдаа Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон хэмээн буруудсан Х.Булгантуяаг парламентын дэд даргаас нь огцруулсан. Үүнээс хойш тэрээр намрын чуулганд ер нь суугаагүй. Нийт гурван удаа тасалж, 11 удаа чөлөө авч, 12 өдөрт нь өвдөхөөр шийдсэн байх юм. Д.Амарбаясгалан ч мөн адил. МАН-ынхны их талцлын нэг гол дүр нь тэр байлаа. УИХ-ын даргын албан тушаалтан намын даргынхаа сонгуульд өрсөлдсөнөөр “нүүрсний хулгай”-н хэрэгт орооцолдсон асуудал нь сөхөгдсөн учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Намын сонгуульдаа уг нь Бага хурлаасаа дэмжлэг авсан. Гэвч энэ намын талцал улс орны асуудал болж, Үндсэн хуулийн Цэцээр хүртэл шүүгдсэн тул МАН-ынхан Их хурлаасаа дундын хувилбар болгож Н.Учралыг даргаар сонгосон билээ. Ингээд албан тушаалаас бууж, “ялагдсан” Д.Амарбаясгалан бантсандаа намрын чуулганд дахин ирээгүй юм. 25 удаа чөлөө авсан нь үүний баталгаа. Ерөнхий сайдын суудлаас бууснаас хойш өөрийгөө “сул иргэн” гээд эндүүрчихсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч ажлаа хийсэнгүй. 23 удаа тасалсан тоогоороо “тэргүүлсэн” байна. Уг нь зүүн бүсийн иргэдийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүн шүү дээ.
Эдүгээ УИХ-ын 2026 оны хаврын чуулган 27 удаа хуралдаад байна. Ирцийн дундаж нь 81 хувь аж. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “рекорд”-оо хадгалсаар, нийт есөн удаа тасалж, дөрөвт нь чөлөө авчээ. Гэхдээ оролцооны хувь нь дээшилж, 48 болжээ. Өнөөх муу нэрт Х.Баттулгын идэвх ч 56 хувь өөд дэвшсэн байна.
Ц.Туваан гишүүн хэн нь их таслах вэ гэсэн энэ муу үзүүлэлтийн марафонд “өрсөлдөж” эхэлжээ. Тэрээр мөн л есөн тастай байна. “Давхар дээл”-тэй Ерөнхий сайд нарын УИХ-ын нэгдсэн чуулган дахь оролцоо мууддагийг Н.Учрал ч өөрийн ирцээр баталжээ. Тэрээр долоон удаа таслаад буй.
Чуулган бүрийн дундаж ирц 3-4 хувийн л зөрүүгээр дээш, доош өөрчлөгддөг юм байна. Үүнийг “Сайжирсан” гэж саймшран дүгнэх хэцүү. Харин өмнөх гурван чуулганд оролцоо нь 20 хувь ч хүрэхгүй байсан нэр дурдсан гишүүдийн үзүүлэлт 40 давснаар тооцвол яах аргагүй “ахиц” гарчээ. Ирцийг парламентад суудалтай намуудаар тооцсон үзүүлэлт ч 3-5 хувиар өссөн байна лээ. Гэхдээ таван хувь доторх хөдөлгөөнөөр ажлаа үнэлэх нь хэтэрхий өрөөсгөл. Тиймээс ард түмний төлөөлөл болж, тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүргээ гишүүд ухамсарлах, тийм өгөгдөл байхгүй хүнд хатуу хариуцлага тооцох шаардлагатай байх нь. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн ч төсөл хэлэлцэхийг дэмжсэнээс цааш шатанд орж ирэлгүй гацаад буй. Тэдгээрийг нэгтгэж оруулж ирэхээр ажлын хэсэг нь “нухсаар” байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай төсөлд нийт хуралдааны 30-аас дээш хувьд оролцоогүй бол “баяртай” болохоор тусгасан. Үүгээр бол дээр нэр дурдсан гишүүд ирцийнхээ үзүүлэлтээр л эгүүлэн татагдах байж. Мөн Ж.Бат-Эрдэнэ нарын санаачилсан төсөлд ч гишүүдийг ёс зүйн дүрмээ баримтлах, чуулганы хуралдааны оролцоо, идэвх, санаачилсан төслийн талаарх мэдээллийг ил тод болгох, тооцох хариуцлагыг нэмэхээр зохицуулаад буй. Эдгээр хуулийн төслийг баталбал эрх ямбанаасаа салахгүйн тулд эморол, хийцгүйрлээ багасгаж, ирц, оролцоогоо бодитоор нэмнэ гэж найдна. Ард түмнийг төлөөлнө гэж сонгогдчихоод сул цалин авч, чөлөөт цагаараа үндсэн үүргээ санагалзах нь яавч шударга биш.
С.Туул