
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Төрийн ордонд болж байна. Хурлын эхэнд монголч эрдэмтдэд Ерөнхийлөгч шагнал гардууллаа.
Олон улсын монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжлөө. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал наймдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. Энэ удаагийн хурлыг “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд 30 орны 546 эрдэмтэн оролцож байна.
Хурал Монголын түүх судлал, Монгол хэл судлал, Монголын археологийн судлал, Монголын соёл урлаг, утга зохиол судлал болон Монголын угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан судлал, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлал гэсэн зургаан салбар хуралдаанаар үргэлжилнэ.
Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын салбар хурлууд Чингис хааны Үндэсний музей, МУИС-ий Монгол, Японы төв болон МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвд тус тус болно.
Хурлын нээлт өнөөдөр Төрийн ордны Их Монгол танхимд боллоо.

